Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ.
Уулзалтад Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонцэцэг, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбат, шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
Шүүгч Ц.Отгонцэцэг хэлсэн үгэндээ ‘’Юуны өмнө Дундговь аймгийн ард иргэдийн итгэлийг хүлээж, аймгийн удирдлагад нэр дэвшсэн явдалд баяр хүргэж, Дундговь аймгийн хөгжлийн төлөө хийх ажилд үйлсэд нь өндөр амжилт хүсье. Бидний ажил байдалтай танилцахаар хүрэлцэн ирсэнд талархаж байна. Төрийн байгууллагын түүн дотроо Хууль, шүүхийн байгууллагын сүр хүчийг илэрхийлэх гол хүчин зүйл бол ая тухтай ажлын байр, ажилчдын эрхэмсэг байдал байдаг. Үүнээс гадна төрийн үйлчилгээг ая тухтай орчин нөхцөлд хүргэх иргэн, хуулийн этгээдийн эрхийн асуудлыг хамгийн чухал гэж харах ёстой. Хуулийн байгууллагуудын ноён оргил нь шүүхийн байгууллага юм. Гэтэл Дундговь аймгийн хэмжээнд манай байгууллагын ажлын байрны орчин нөхцөл, тохижилтын хувьд хамгийн доогуур түвшинд байгааг анхаарахыг хүсье, та бүхний ярилцлагын төгсгөлд байгууллагын өрөө тасалгаа бүхэнтэй явж танилцахыг хүсэж байна. Уг барилга нь конторын зориулалттай биш болохоор агааржуулалт муу, өрөө тасалгааны хүрэлцээ, сантехник муутай. Үндсэндээ шинэ барилга барих шаардлагатай байгаа юм. Иймд та бүхнээс энэ асуудалд тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна’’ гэв.
Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ: Шүүхийн тамгын газар нь шүүх засаглалыг орон нутагт хэрэгжүүлэн шүүхийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Шүүхээс бусад Дундговь аймгийн хууль, хүчний байгууллагууд бүгд шинэ байртай болчихлоо. Гэтэл шүүхийн байгууллага 1976 онд ашиглалтад орсон хуучирсан барилга. Энэ байранд 22 дахь жилдээ шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байна. Шүүхийн байр хуучирч муудсан, өрөө тасалгаа, хүрэлцээний хувьд дутмаг, зай талбай багатай өрөөнд 2-3 ажилтан ажиллаж байна. Засаг даргын ойрын 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлын мөрийн хөтөлбөрт шүүхийн үйл ажиллагааг дэмжин ажиллах ажлыг тусгасан байх, бид хүсэлтээ явуулсан. Мөн аймгийн удирдлагаас шүүхийн байгууллагад нэн тэргүүнд тулгамдаж буй байрны асуудлыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна ”
Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ ‘’Миний бие Аймгийн Засаг даргын ажлыг хүлээн аваад өнөөдөр шүүхийн үйл ажиллагаатай танилцаж байна. Шүүхийн байрны хувьд тулгамдаж буй асуудлыг сонслоо. Шүүх эрх мэдлийг орон нутагт хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд ‘’Шүүгч, ажилтан ая тухтай, эрхэмсэг орчинд ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд аятай нөхцөлд хүргэх нь зүйтэй’’ гэсэнтэй санал нэг байна. Үнэхээр шүүхийн байр хуучирч, зай талбайн хувьд хүрэлцээгүй нөхцөлд үйл ажиллагааг явуулж байгааг харлаа. Орон нутгийн зүгээс дэмжиж туслалцаж, шинэ байртай болох асуудал дээр нөхцөл байдлыг судалж хариуг даруй өгье’’ гэв.
Уулзалтын төгсгөлд Засаг дарга Ц.Мөнхбат тулгамдаж буй асуудлаар хамгийн боломжит хувилбарыг судлан үзэж, орон нутгийн зүгээс дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР