Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, тус аймгийн шүүхийн зохион
байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш нар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Үндэсний
шүүгчдийн коллежид 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 25-ны өдрүүдэд
суралцлаа.
Энэхүү сургалт нь Монгол Улсын Шүүхийн
ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хамтын ажиллагааны хүрээнд 10 дахь
жилдээ болж байна.
Мөн энэ жилийн сургалт нь БНХАУ байгуулагдсаны
70 жил, тус улс Монгол улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй
онцлог мөчид үргэлжиллээ.
Сургалтын хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын
шүүхийн тогтолцоо, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх, зарим онцлог Оюуны
өмчийн шүүх, Санхүү, эдийн засгийн шүүх, Цэргийн шүүх, эвлэрүүлэн зуучлах
ажиллагааны талаарх лекц болон практик сургалтаар бодит шүүх хуралд оролцож,
Ардын дээд шүүх, дунд, доод шатны шүүхүүд, Цахим шүүх, Үндэсний шүүгчдийн
коллежийн номын сангийн үйл ажиллагаа, Шүүхийн музейтэй танилцав.
Сургалтын эхний хагас Бээжин хотод болсон
бөгөөд дараагийн хагас нь Хэбэй мужийн Чингхандао хотод үргэлжилсэн юм. Тус
хотын доод, дунд шатны шүүхээр айлчилж, Монгол-Хятад орны шүүхийн тогтолцоо,
материаллаг болон процесс хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагааны талаар харилцан яриа өрнүүллээ.
БНХАУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газар нь шүүхэд харьяалагддаг буюу шүүх тус бүрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг, мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг
"Шүүхийн цагдаа” гэсэн субьект бие даан хангаж ажиллаж байна.
Энэхүү сургалт нь Монгол улсын шүүхийн
шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой
танилцуулах, мөн тэдгээрийн хувь хөгжлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр
бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсын 260 гаруй шүүгч, шүүхийн захиргааны
ажилтан тус сургалтанд хамрагдсан байна.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР