Шийтгэх тогтоолын дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/65
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч О.Э-г 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Э-тай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Э-тай маргалдаж түүний биед “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч О.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 23-06 тоотод амь хохирогч Т.Э-г фудволкны захаар боох үйлдлийг хийсний улмаас амь хохирогч амьсгалын механик дутагдалд орж нас барсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Э-ийн амь хохирогчийг фудволкны захаар нь боосон үйлдэл, амь хохирогч амьсгалын механик дутагдалд орж нас барсантай шалтгаант холбоотой байна гэж үзээд шүүгдэгч О.Э-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь амь хохирогчийн биед өмсөж байсан фудволкны захаар нь боохоос өөр хэлбэрээр халдсан болох нь нотлогдохгүй байх тул түүнд холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тойм бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч З.Ууганбаяр