-1

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

2015-10-10 05:41:04    |   154

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 23-25-ны өдрүүдэд \"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид хамрагдаж \"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэрчилгээг гардаж авсан юм. Сургалтын талаар сэтгүүлчид ийн ярьж байна.


Baabar.mn нийтлэлч Ц.Булганзаяа:

 

Монголын толгой хуульчдын лекцийг нэг дороос сонсох боломж олгосонд баярлалаа

 

\"\"-ШЕЗ-өөс санаачлан сэтгүүлчдийн дунд хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн явдалд маш их талархаж байна. Энэ сургалтаас сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, хэвлэн нийтэлж байгаа бүтээгдэхүүнээ чанартай сайн бэлтгэж, үүгээр дамжуулан олон нийт хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлыг бодитоор харж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэдний оролцоог бий болгоход тус дөхөм болохуйц олон чухал мэдээлэл, мэдлэгийг олж авлаа. Үүнд хамгийн чухал нь сэтгүүлч мэргэжилтнүүд өөрсдөө эрх зүйн сайн боловсролтой, энэ салбартаа мэргэшсэн байх нь чухал юм. Энэ удаагийн сургалтаар Монголын толгой хуульчдыг нэг дор цуглуулж, шүүх байгууллага болон эрүүгийн эрх зүйн тогтолцоо, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн сэдвээр сонирхолтой лекц, хичээлүүдийг зохион байгуулсан ШЕЗ-ын хамт олон, сургагч багш нартаа дахин талархал илэрхийлье. Сургалтын үеэр хичээл заасан багш нараас Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын лекц хамгийн сонирхолтой байлаа. Цаг үеэсээ шалтгаалаад Эрүүгийн болон процессийн гэгдэх гол хуулиудын шинэчлэл ид яригдаж, УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд яваа энэ үед уг хуулиудын автораар ажилласан голлох хуульчдын үгийг сонсох нь сэтгүүлчдэд сонирхолтой, үр өгөөжтэй байсан болов уу. Тиймээс ШЕЗ-ийн зүгээс энэ сургалтаа шат дараалсан, үргэлжилсэн байдлаар зохион байгуулж, хууль эрх зүйн чиглэлээр бичиж, нийтэлдэг олон сэтгүүлчдийг энэ салбарт мэргэшихэд нь дэмжиж ажиллаасай, бас танай байгууллагын эхлүүлсэн энэ сайхан санаачлага өөр олон салбарт уламжлал болоосой гэж хүсч байна.

 

 

iToim агентлагийн сэтгүүлч Г.Улсболд: Сэтгүүлчдийн боловсролд анхаарч байгаад баяртай байна


\"\"-Би хоёр дахь жилдээ сургалтад хамрагдлаа. Саяхан болж өнгөрсөн Л.Гансүх нарын шүүх хурлыг дамжуулах явцын талаар багш, сэтгүүлчдийн дунд сонирхолтой хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ дунд анзааралгүй явсан, мартсан, огт мэдэхгүй нэлээд зүйлийг мэргэжлийн хүмүүсээс нь сурч авсандаа баяртай байгаа. Ерөнхийдөө өнгөрсөн жил багш нарын заасан хичээлүүдийг энэ жил баталгаажуулж авлаа. Шүүх нээлттэй болсноор өөрийгөө олон нийтийн хяналтад оруулах сайн талтай ч, нээлттэй байдал хэтэрвэл хүний эрх, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдал руу сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэсэн сэтгэгдэлтэй үлдлээ. Яг практик дээр нь ажиллаж байгаа толгой хуульчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургалтад хичээл заасан учраас шинэ мэдээлэлтэй, багш бүрийн хичээл сонирхолтой байсан. Шүүхийн захиргаа сэтгүүлчдийн боловсролд анхаарч, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэхэд туслалцаа үзүүлж байгаад талархаж байна. Бас Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгч, прокурор, судлаач багш нар олон нийтийн алдаагүй, тэнцвэртэй, зөв мэдээлэл авах эрхийг хүндэтгэж байгаад баяртай байна.

 

 

МҮОНТ-ийн редактор Д.Нарантуяа: Шүүхийн талаар их зүйлийг мэдэж авлаа


\"\"-Сэтгүүлчид мэдээ, нэвтрүүлэг бэлтгэхдээ хэргийг шүүж байгаа шүүгчээс яриа авахыг чухалчилдаг. Гэтэл шаардлагатай мэдээллүүд нь \"Хэргийн хөдөлгөөн” програм дээр бүгд байдаг, эндээс шаардлагатай байгаа бүх мэдээллээ авах боломжтой гэдгийг мэдлээ. Цаашид ширээний уншдаг ном гэдэг шиг \"хэргийн хөдөлгөөн” гэдэг зүйл ажлын маань нэг хэсэг, сайн туслагч маань байх болно. Шүүхийн шинэтгэл гэж юуг хэлээд байгааг, яагаад дахин дахин яригдаад байдаг, Процессын хууль гэж юуг хэлдэг, мөн яагаад \"цөм” хууль болохыг маш нарийн мэдэж авлаа. Мөн шүүхийн ачаалал, үйл ажиллагаа, шүүх процессын нарийн учир шалтгаан , хэн ямар үүрэгтэй, хэрхэн оролцох ёстой байдаг, шүүгч хэрэг дээр хэрхэн ажиллах ёстой байдаг, Иргэний болон Эрүүгийн хууль тогтоомжуудын талаар зохих мэдлэгтэй боллоо. Бүх багш нар маш мундаг байсан. Сургалтаар дамжуулан \"толгой” шүүгч, хуульчидтай танилцаж, тэднээс номын дуу сонссондоо их баяртай байна. Сургалтад сэтгэл хангалуун байгаа. Шүүхийн талаар мэдэх ёстой зүйлийг бүрэн цогцоор нь ойлгуулж, танилцуулж өгсөн сургалт байлаа. Баярлалаа, та бүхэнд.

 

 

\"МОНЦАМЭ тойм” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Батсайхан: Үр дүнтэй сургалт боллоо


\"\"-Маш үр дүнтэй, ач холбогдолтой, өргөн агуулгатай сэтгүүлч бидэнд маш хэрэгтэй сургалт боллоо гэж дүгнэж байна. Хэрэв боломж, бололцоо нь байдаг бол сургалтын зайг жаахан ойртуулмаар жилд хоёр удаагийн давтамжтай ч юмуу байвал зүгээр юмуу гэж санагдлаа. Монголын чадварлаг хуульчид багш нарын хичээлийг нэг дороос сонсох боломжийг олгосонд баярлалаа. Түүнээс гадна манайд хуулийн чиглэлийн телевизийн сайн нэвтрүүлгүүд байдаггүй. Тийм болохоор яг шүүхийн бодит байдлыг харуулсан, шүүх хуралдааныг үзүүлсэн телевизийн нэвтрүүлэг хийвэл манай хэвлэлийнхэн, телевизийн удирдлагууд бол маш дуртай хүлээж авах байх гэж бодож байна. Яг энэ төрлийн нэвтрүүлгийн орон зай бол Монголд үгүйлэгдээд байгаа. Тэгвэл шүүхийн талаар иргэдэд бодит мэдээллийг хүргэхэд ч гэсэн ач холбогдолтой.


 


 

Үндэстэн.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Г.Одонтуяа:

 

Гурван өдрийн турш олон чухал сэдвээр номын дуу сонслоо


\"\"-Шүүх бол гурав дахь засаглал, харин сэтгүүл зүй бол дөрөв дэх засаглал. Шүүх засаглал бол хуулийн хүрээнд хүнийг гэм, буруутай эсэхийг тогтоодог дээд зэргийн хариуцлага хүлээх засаглал бол сэтгүүлзүй нь нийгмээс нэг алхмын өмнө алхаж байж үнэн мөнийг дэнсэлж олон нийтэд хүргэх учиртай. Гурван өдрийн туршид шүүх, эрүү, иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, эрхзүйн шинэтгэл, түүнд тулгамдаж буй асуудал зэрэг олон чухал сэдвээр номын дуу сонсож, ойлголт мэдлэг авлаа. Нэн ялангуяа УИХ-аар батлагдахаар хэлэлцүүлгийн шатанд яваа шүүх эрх мэдлийн тулгуур хууль болсон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эхнээс нь гардан боловсруулж, өргөн барьж яваа хүний нэг болох УИХ-ын гишүүн С.Тэмүүжингийн хичээл хамгийн сонирхолтой хичээлүүдийн нэг байлаа. Энэ удаагийн сургалтыг Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг анх удаа телевизээр шууд дамжуулсан жишээ сургалтын маш чухал өгөгдөхүүн болж байснаараа онцлог юм. Нэг үеэ бодвол Монголын шүүх засаглал бүх талаараа бүрэн нээлттэй, нээлттэй байх шалгуурын ард ил тод, шударга байх зарчим үйлчилж байгааг танин мэдсэнээрээ ач холбогдолтой сургалт боллоо.


Today.mnсайтын сэтгүүлч Д.Үржинбадам: Сэтгүүлчдийг сургах нь иргэдэд бодит мэдээлэл хүргэх үндэс болно


\"\"

 

 

-Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй \"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт нь сэтгүүлчдэд, тэр дундаа сургалтад анх удаа хамрагдаж буй сэтгүүлчдэд шүүхийн үйл ажиллагаа, хууль, эрүү, иргэн, захиргааны хэргийн хянан шийдвэрлэх явц болон ялгаа зэргийг нарийн таниулж өгсөн үр дүнтэй сургалт боллоо. Сэтгүүлчид ийн мэдлэг, мэдээллийг олж авч байгаа нь эргээд иргэдэд үнэн, бодит мэдээлэл хүргэх үндэс болно гэж бодож байна.


 

 

 



Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


. . .