Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Дундговь аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа
2015-11-16 14:59:45 | 159\"Шүүхийн шинэтгэл өрнөсөн өнгөрсөн хугацаанд шүүгчид маш идэвхтэй дэмжиж ажилласан. Тиймээс та бүхний сэтгэл зүтгэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх гол хүч болсон. Хэрвээ шүүгчдийн дэмжлэг байгаагүй бол шинэтгэл ахицтай урагшлахгүй байсан. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн та бүхний ажиллах нөхцөл байдлыг бодитоор үзэж, өөрөө бага ярьж, та бүхнийг их сонсохоор ирлээ” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дундговь аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзах үеэрээ онцоллоо. Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн үйл явц, үр дүн, шүүгчдийн ажлын байрны нөхцөл байдалтай бодитоор танилцаж, иргэдтэй уулзаж ярилцахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоор ахлуулсан томилолтын баг 2015 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрийг дуустал Дундговь, Өмнөговь, Төв аймаг дахь шүүхүүдэд ажиллах юм.
Томилолтын эхний өдөр Дундговь аймаг дахь шүүхүүдэд зочилж, шүүхийн тамгын газрын дарга Лхагвасүрэнгийн товч танилцуулгыг сонсч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн хэвийн ажиллах нөхцөл бололцоотой дэлгэрэнгүй танилцлаа. Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж тус аймгийн Нутгийн удирдлагын ордонд шүүгч, хуулийн байгууллагуудын төлөөлөлд \"Хууль тайлбарлах онол, арга зүй” сэдэвт лекц уншлаа.
Тус өдрийн ажлын цагийн төгсгөлд тэрбээр Төв халхын дуулалт жүжгийн театрт 350 иргэдтэй Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх болсон нөхцөл шалтгаан, одоогийн үр дүн, үйл явцын талаар болон иргэдийн дэмжлэг оролцооны талаар 2 цагийн турш илтгээд, харилцан ярилцаж сонирхсон асуултад нь хариуллаа.
\"Шүүхийн шинэтгэлийг хийхэд иргэд, олон нийт та бүхний хурц хараа, соргог мэдрэмж маш чухал. Шүүхийн шинэтгэл багагүй бэрхшээл туулж байна. Би шүүхийн шинэтгэлийг гоёж чимж ярихгүй. Энэ бол 3 жил хийдэг ажил биш. Магадгүй 30 жил ч хийнэ. Тиймээс ч Монгол улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэл дөнгөж эхэлж байна гэж хэлсэн. Би та бүхний санаа бодлыг шөнөжин сонсоход бэлэн байна” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын иргэдэд хандсан уулзалт амжилттай өндөрлөлөө. Томилолтын баг маргааш Өмнөговь аймаг дахь шүүх, Ханбогд суман дахь шүүхэд үргэлжлүүлэн ажиллана.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс