Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймаг дахь анхан шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа
2016-03-13 17:12:59 | 164
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр баталсан \"Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын тайланг танилцуулах, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх\" ажлын удирдамжийн дагуу ажлын хэсгийн ахлагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэгээр ахлуулсан Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Одгэрэл, ахлах референт Б.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"2015 оны ажлын тайлан”-г нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулан, шүүгч, ажилтнуудыг санал, хүсэлтийг сонсов.
Ажлын хэсгийн гишүүд шүүхийн тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний стандарт, хууль тогтоомжийн биелэлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явц, шүүхийн хүний нөөц, санхүү, дэд бүтэц, шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажил зэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, хяналт шинжилгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Доктор, профессор Хайнрих Шоллерын \"Хууль зүйн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гаргах зарим асуудал\", \"Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан” зэрэг номыг шүүгч нарт гардуулан өгөв.