Зөрчилд холбогдогч гарын үсэг зурахгүй байх эрхтэй
2023-04-24 10:31:28 | 148Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан
шатны шүүхийн 2023 оны 4 сарын 4-ний өдрийн 30 дугаар захирамж
Тоймын огноо дугаар: 2023 оны 4 сарын 14-ний өдрийн 06
Тоймын төрөл: Процессын тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан шийтгэл оногдуулсан хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргасан.
Дүгнэлтэд 2022 оны 3 сарын 22-ны өдрийн 0136922 дугаартай шийтгэлийн хуудсаар “зөрчил тогтоож хариуцлага оногдуулсан этгээдээр гарын үсэг зуруулах өөрчлөлт оруулж өгнө үү” гэж шүүхээс хүссэн.
Шүүх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгч маргаан бүхий актад хууль зөрчсөн болон хэн нэгэн этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэлээр дүгнэлт бичиж өөрчлөлт оруулах шаардлага гаргах эрхтэй атал шүүхээр нөхөн гүйцэтгүүлэх ажиллагааг хийлгүүлэхийг шаардах эрхгүй.
Зөрчлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах эсэх нь тухайн зөрчилд холбогдогчийн онцгой эрх бөгөөд заавал гарын үсэг зурах үүрэггүй.
Захиргааны байгууллага хэн нэгэн этгээдийг зөрчил гаргасан гэж байгаа бол өөрөө нотлох үүрэгтэй болохоос тухайн этгээдээс зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахыг шаардахгүй юм.
Тойм бичсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.