Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дугаар тушаалаар баталсан "Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын удирдамж”-ийн дагуу холбогдох сургалтыг тус аймгийн сумдаар хэсэгчлэн зохион байгуулсаар байна.
Удирдамжийн дагуу Иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулах дарааллаар шүүхийн тамгын газраас сумын Засаг даргын тамгын газартай хамтран сургалтын хөтөлбөрийг урьдчилан хүргүүлсэн.
Дундговь аймаг нь 15 сумтай бөгөөд үүнээс Эрдэнэдалай, Гурвансайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Адаацаг, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Луус, Хулд сумын нийт 92 иргэдийн төлөөлөгчид Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчулуун, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ нар ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх, хараат бус байдал’’, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” сэдвүүдийн хүрээнд сургалтыг хийж, гарын авлага тараасан.
Сургалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцахын зэрэгцээ шүүх хуралдааны танхимд суурилуулсан техник технологи болон шүүхийн иргэдэд үйлчлэх танхим, шүүх хуралдааны явцыг дамжуулж буй байдлын талаар танилцуулсан.
Түүнчлэн сургалтад хүрэлцэн ирэх боломжгүй сумаас хол нутаглаж буй Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тус сумын 1 дүгээр багийн малчин С.Хөгжилмаагийнд айлчлан шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, мэдээлэл өгч, гарын авлагаар хангасан. Үүнд малчин С.Хөгжилмаа нь ‘’шүүх иргэддээ хүрч үйлчилж’’ байгаад талархсанаа илэрхийлж байсан юм.
Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ, шүүгчийн туслах С.Уянга нар шүүхэд нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Бидэнтэй хамтран ажиллаж шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөр сонгогдсон иргэдийг сургалтад идэвхтэй оролцуулсан Дундговь аймгийн Эрдэнэдалай, Гурвансайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Адаацаг, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Луус, Хулд сумдын Засаг даргын тамгын газарт баярлалаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР