Шүүхийн захиргааны тухай хуулиас
ДӨРӨВ ДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА
20 дугаар зүйл. Шүүхийн тамгын газар
20.1.Шүүх тамгын газартай байна.
20.2.Бүх шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.
20.3.Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.
20.4.Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.
20.5.Шүүхийн тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
21 дүгээр зүйл. Шүүхийн тамгын газрын чиг үүрэг
21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;
21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.