Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай хамтарч 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга болон тус тасгийн алба хаагч нар оролцов.
Уулзалтын үеэр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдалд халдах эрсдэлийг шүүхийн байр болон гадна орчинд бий болохоос урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг ‘’Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам’’-д нийцүүлэн хэрэгжүүлэх, шүүхийн харуулын цагдаагийн үүрэг гүйцэтгэх албан хаагчийн шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, ажлын зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх чиглэлээр ярилцсан юм.
Түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, дээрх арга хэмжээг 2021 оны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхээр боллоо.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР