Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газартай “Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Мөнхбат, цагдаагийн дэд дарга бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Саранболд, Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Д.Баясгалан болон бусад бие бүрэлдэхүүн оролцлоо.
Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны А/116, 65 дугаар тушаалаар шинэчлэн баталсан "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам’’, " Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтыг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтийг хангах, 2021 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүн болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах санал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов.
Уулзалтын төгсгөлд журмын хэрэгжилтийг хангах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар Дундговь аймаг дахь шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулахаар санал нэгдлээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР