Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 5 сарын 13-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Сэржмядаг " Хэргийн түүвэр хийх аргачлал”сэдвээр шүүгчийн туслах болон бусад шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлэх чиг үүргийн зохицуулалтыг тайлбарлаж, шүүгчийн туслах хэргийн түүвэр хийх эрх зүйн үндэслэл, ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн гэрээнд хэрхэн тусгагдсан талаар урьдчилан танилцуулснаар сургалт эхэлсэн.
Ерөнхий шүүгч С.Сэржмядагаас: Эрүүгийн хэрэгт түүвэр хийхдээ:
>Тухайн хэрэгт хийгдсэн байцаан шийтгэх ажиллагаа
>Тухайн хэргийн талаарх баримт / яллах, цагаатгах/
>Хохирогчийн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой баримт
>Яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлох болон бусад баримт
>Тухайн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж гэсэн 5 чиглэлийн хүрээнд түүвэр хийх бөгөөд юу юуг анхаарах шаардлагатай талаар шүүгчийн туслахуудад зөвлөж, үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Шүүхийн тамгын газрын даргаас шүүгчийн туслахуудтай байгуулсан Үр дүнгийн гэрээнд шүүгчийн туслахуудаас "Хэргийн түүвэр хийж, шүүгчид танилцуулах” гэсэн бүтээгдэхүүн нийцүүлсэн бөгөөд шинээр томилогдсон шүүгчийн туслахууд хэрхэн түүвэр хийх аргачлалаа сайн мэдэхгүй хүндрэл тохиолддог бөгөөд энэ сургалтыг зохион байгуулснаар шүүгчийн туслахуудыг хэргийн түүвэр хийх аргачлалд сургасан, ач холбогдолтой сургалт болсон хэмээн шүүхийн тамгын газар үзэж байна.
"Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй” байх нэг үндэслэл нь шүүгчийн туслахуудын хэргийн түүврийг чанартай сайн хийж, шүүх хуралдааны бэлтгэлийг хангаснаас шалтгаална гэснээр сургалтыг дуусгав.