БНПУ-ын Шүүхийн үндэсний зөвлөл болон Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу манай улсын бүх шатны захиргааны хэргийн шүүхийн төлөөлөл болсон 10 шүүгч 2016.06.04-ний өдрөөс 2016.06.16-ны өдрүүдэд БНПУ-д захиргааны хэргийн шүүхийн туршлага судлах анхны айлчлалыг хийгээд ирлээ.
Сургалтад Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Тунгалаг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Д.Оюумаа, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа нар оролцсон.
Сургалт, айлчлалын хүрээнд 2016.06.05-ны өдрөөс 2016.06.10-ны өдрийн хооронд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Тунгалаг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нар Польш улсын Гожүв Виелкополски дахь Захиргааны орон нутгийн /анхан шатны/ шүүхэд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа, Ц.Одмаа, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг нар Познан хот дахь Захиргааны орон нутгийн /анхан шатны/ шүүх, түүх соёлын дурсгалт газруудтай тус тус танилцсан.
"Европын хэтийн төлөв дэх Польшийн захиргааны хэргийн шүүх”, "Польш улсын захиргааны шүүхийн систем болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, "Захиргааны шүүх дэх гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа”, "Газар ашиглалт, хэтийн төлөв” зэрэг сэдвээр Польш улсын захиргааны хэргийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч, хууль зүйн доктор - шүүгчийн туслахууд мэдээлэл өгч, харилцан туршлага солилцов.
2016.06.11-12-ны өдрүүдэд Краков хот дахь Захиргааны орон нутгийн /анхан шатны/ шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, тус шүүхийн Ерөнхийлөгч /манай Ерөнхий шүүгчтэй адил/ Андрей Ирла болон шүүгч, албаны бусад хүмүүстэй уулзалт хийв.
Үүний дараа тус улсын нийслэл Варшав хотод хүрэлцэн очиж, 2016.06.13-ны өдөр Шүүхийн Үндэсний Зөвлөлийн Дэд ерөнхийлөгч болон хорооны дарга удирдлагуудтай, 2016.06.14-ний өдөр Захиргааны ерөнхий шүүхийн Дэд ерөнхийлөгч Януз Драхал болон тасгийн дарга-шүүгч нартай албан уулзалт хийж, хоёр улсын захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог зохицуулалтын талаар ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн хөтөлбөрийн дагуу БНПУ-ын Познан, Гожув, Краков, Варшав хотод байрлах түүх соёлын дурсгалт газруудтай танилцах аяллын хүрээнд Рогалин ордон, Добиенгив дахь дайн үеийн олзлогдосдын лагер музей Миедзирзечийн бэхлэлтийн бүс, Краков хотод байрлах Эзэн хааны Вавел цайз, Виеличка дахь Эзэн хааны давсны уурхайн музей, Варшав дахь Эзэн хааны зуны болон өвлийн ордон музей, суут хөгжмийн зохиолч Фредрик Шопины музейг үзэж сонирхсон.
Польш улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар, Шүүхийн Үндэсний Зөвлөлийн удирдлагууд Монгол Улсын шүүхийн шүүгч нарыг халуун дотноор хүлээн авч, хөтөлбөрийн дагуу сургалт, соёлын арга хэмжээг явуулснаас гадна тухайн үед хөтөлбөрт багтаагүй боловч туршлага судлахыг хүссэн саналаа хэлэхэд тухайн үед нь танилцуулах, холбогдох хууль, журмын товч орчуулга хийж өгөх зэргээр зохион байгуулж байсанд нь сургалтад оролцсон шүүгч нарын хувьд өндөр сэтгэгдэлтэй буцаж ирлээ.
Сургалтын үеэр Польш улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар Монгол Улсын түүх, соёл, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг ихэд сонирхож, харилцан туршлага солилцож байв. Мөн Монгол Улсын шүүхийн дараагийн шүүгч нарын багийг хүлээж авахдаа таатай байгаагаа илэрхийлснээс гадна ямар асуудлаар туршлага солилцохыг хүсэж байгаагаа урьдчилан танилцуулбал тухайн асуудлаар материал бэлтгэж мэдээлэл өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байсныг тэмдэглэж байна.
Шүүгч З.Ганзориг