Монголын Хуульчдын холбооноос хуульч гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бүх шатны шүүхийн шүүгчийн туслах, төрийн захиргааны албан хаагчдын мэргэжлээрээ болон хуульчаар ажилласан хугацааг тооцох хууль тогтоомж, тэдгээрийн хэрэглээг нэг мөр ойлгож, хэрэглэх зорилгоор "ХУУЛЬЧААР АЖИЛЛАСАН ХУГАЦААГ ТОГТООХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭ, ПРАКТИК” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээж үг хэлсэн бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлгийг төлөөлж өмгөөлөгч Ц.Амармэнд мэдээлэл, танилцуулга хийсэн. Үүний дараа оролцогчид чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой саналуудыг дэвшүүлсэн.Тухайлбал:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар дүгнэлтээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг хүчингүй болгосноор "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа ...” гэж юуг ойлгох талаарх эрх зүйн зохицуулалт тодорхой бус болсон. Практикт хууль хэрэгжүүлэгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл” гэдэгт хамааруулан хуульчаар ажилласан байдлыг ялгавартай тодорхойлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан буюу Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "…эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүй байх” гэж заасныг зөрчиж байгаа талаар;
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заасан байдаг. Уг заалтаас үзэхэд хуульч мэргэжлээр ажилласан хугацааг тооцохдоо "хуульчийн гэрчилгээ” авснаас хойш 3 жил ажилласан байдлаар бус эрх зүйч мэргэжлээрээ дадлагажсан хугацааг оруулж тооцох нь зүйтэй талаар;
Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр "Шүүхийн тухай /2002 он/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолоор "хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа гэдэгт” зайлшгүй ажиллавал зохих ажил, албан тушаалд ажилласан хугацааг тооцохоор заасан. Хэдийгээр "Шүүхийн тухай /2002 он/ хууль хүчингүй болсон боловч хуульч мэргэжлээр ажилласан нийт хугацааг тодорхойлоход Улсын Дээд шүүхийн уг 08 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэж үзэхээр байгаа. Улсын Дээд шүүхийн уг 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосон, түүнд өөрчлөлт оруулсан акт одоогоор гараагүй байгаа тул тус тогтоолыг нарийвчилсан актын хүрээнд хэрэглэхэд хууль зөрчихгүй талаар;
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т "хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах, хянах, батлах” гэдэгт Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.8-д "шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” гэсэн хэсэг хамаарч байна. Одоогийн байдлаар бүх шатны шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа шүүхийн захиргааны албан хаагчид хуульч мэргэжлээр ажилласан хугацаанд тооцогдохгүй байгаа нь цаашид энэ мэргэжлээрээ ажиллаж, өсөн дэвжих боломжийг хааж, бидний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тухай саналуудыг тус тус гаргасан. Түүнчлэн практикт шүүгчийн сонгон шалгаруулалтад адилхан төрийн захиргаанд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч, нийслэл, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнийг мэргэжлээрээ ажилласан гэж үзэж, шалгалтад оруулж байгаа нь шударга бус байна гэдгийг хэлж байлаа.
Энэ хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгчийн туслахууд болох Б.Раушан, Ө.Бахытбек, Х.Тасхын, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах нарийн бичгийн дарга нар саналаа бичгээр ирүүлсэн. Монголын Хуульчдын холбоо хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган уг асуудлаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд албан бичиг хүргүүлээд байна.
Хэлэлцүүлгийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.