Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал
Өрхийн эрүүл мэндийн
төвийн эмчээр ажиллаж байсан
Х.Хишигбат эмч ажилд
эгүүлэн тогтоосон шүүхийн
шийдвэр хүчин төгөлдөр болсон тул баярласан
сэтгэлээ илэрхийлэн
ийнхүү ярьсныг хүргэж байна.
Би эрүүл
мэндийн байгууллагад 21 дэх жилдээ эмчээр ажиллаж байгаа бөгөөд хүн амын эрүүл
мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Гэтэл эрүүл мэндийн байгууллагад
сүүлийн үед ажлын туршлагагүй, залуухан, хууль эрх зүйн мэдлэг тааруу, удирдах
чадваргүй, шинэхэн дарга нар томилогдож, дарга гэдэг нэрийн дор үзэгний
үзүүрээр шийдвэр гаргаж, ажлаа мөрөөрөө хийж явсан намайг гэнэт ажлаас чөлөөлж,
жил гаруй хугацаанд сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан.
Миний
бие Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд
эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл
гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгдэж явсаар жил гаруй
хугацааны дараа шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж намайг ажлаас үндэслэлгүй
халагдсан болохыг тогтоон ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин
гаргуулан шийдвэрлэж, үнэн зөвийг дэнсэлж өгсөнд үнэхээр баяртай байна. Хариуцагч
тал давж заалдах гомдол гарган хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэн,
анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өнөөдөр шийдвэр, магадлал хүчин
төгөлдөр болсон тул би шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн юм.
Дундговь
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг,
давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг, Ш.Төмөрбаатар нар эрх бүхий албан тушаалтны үзэгний мөрөөр шийдвэрлэсэн хууль бус
шийдвэрийн үнэн зөвийг дэнсэлж, зөрчигдсөн эрхийг нь хангаж өгсөнд баяртай
байна.
Би
шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлэхийн зэрэгцээ шинэхэн, залуухан дарга
нар хууль, дүрмээ сайн мэддэг байх шаардлагатай цаг үе тулгарчээ гэдгийг
хэлэхийг хүсч байна. Иргэн би хохирохын
зэрэгцээ хэн нэгэн даргын хууль бус шийдвэрээс болж цаана нь төр, төрийн
байгууллага хохирч байгааг анхаарах хэрэгтэй гэж бодож байна.