Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газартай хамтран 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр "2017 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү төлөвлөгөөний дагуу тус шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, х/ч Н.Дэлгэрсайхан болон шүүх, цагдаагийн албан хаагчид 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр уулзалт зохион байгуулан "Дундговь аймгийн шүүхийн байр болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөө”-г боловсруулан баталж, Тахарын алба татан буугдсанаас үүссэн үр дагавар, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, тус ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтаар шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн:
"Тахарын алба татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл
бидний хамтын ажиллагаа урьдын адил хэвийн, амжилттай үргэлжлэн Хууль зүй,
дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны
өдрийн А/40, 113 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүх, шүүгчийн
аюулгүй байдлыг хангах журам”-ын дагуу хамтран ажиллаж байна. Бидний энэхүү
хамтын ажиллагаа цаашид мөн адил үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж
хэллээ.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах
хэсгийн дарга, х/ч Н.Дэлгэрсайхан: "Манай байгууллагуудын хамтын ажиллагаа сайн
үргэлжилсээр ирсэн. Шүүх,
шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын дагуу зохих үйл ажиллагааг хамтран
зохион байгуулж байгаа. Зарим тулгамдаад буй асуудлыг шийдсэн чухал уулзалт
боллоо”