Зөвлөгөөн нь "Монгол улсад шүүхийн иргэдийн төлөөллийн
тогтолцоо үүсч хөгжсөн нь”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын
тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага”, "Шүүн таслах ажиллагаан
дахь иргэдийн оролцоо, түүний ач холбогдол, хөгжлийн хандлага”, "Шүүхийн
иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал” гэсэн
дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд 30 гаруй иргэдийн төлөөлөгч
нар өөрсдийн туршлага, санал, зөвлөмжөө дурдлаа.
Дундговь аймгаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс
Дэлгэрцогт сумын иргэн, 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан Гончигдавгын
Бөхчулуун "Шүүхийн иргэдийн төлөөлөгч бол хариуцлагатай алба. Тиймээс шүүхийн
иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хуулийн шаардлага хангасан иргэдийн мэдээллийг
гаргахдаа үнэхээр хуулийн шаардлагыг хангасан байна уу гэдэгт анхаарах
шаардлагатай байна. Дүлий, сохор, бичиг үсэггүй, ял шийтгэлтэй хүмүүс
сонгогддог. Эдгээр хүмүүс шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргах чадвар,
боломжгүй. Мөн энэхүү зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг болмоор байна.
Нэгдсэн энэ байдлаар зохион байгуулахад зардал их орж байгаа байх. Тиймээс
аймаг, сумдад нь зохион байгуулвал зардал бага орохын сацуу тогтмол болно” гэж
өөрийн саналыг эрх бүхий албан тушаалтан, иргэдийн төлөөлөгч нартаа хэлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны
доктор, философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж зөвлөгөөнийг хааж
хэлсэндээ үгэндээ "Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох нь
шударга ёсыг бий болгох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхэд
хяналт бий болгох үндсэн 3 ач холбогдолтой” гэж онцолсон юм.