Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүхийн
ажилтнуудын холбоо хамтран "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын
улсын уралдаан”-ыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
Эхний шатанд улсын хэмжээнд 6 бүсэд шүүхийн захиргааны 601
ажилтан өрсөлдсөн. Үүнээс говийн бүсийн шалгаруулалтанд Иргэний хэргийн
шүүгчийн туслахын төрөлд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Чимэддулам, эвлэрүүлэн зуучлагчийн төрөлд
Г.Тунгалагтуяа нар тэргүүлж, бүсээ төлөөлөн улсын уралдаанд оролцох эрхтэй болсон.
Улмаар улсын уралдаан 2017 оны 5 дугаар сарын 29, 30-ны
өдрүүдэд Шүүхийн сургалтын "Баяндөхөм” төвд болж, есөн ажлын байрын төрлөөр бүсээс
шалгарсан шилдгүүд улсын аваргын төлөө хоорондоо өрсөлдлөө.
Тус уралдаанд шүүгчийн туслах Ж.Чимэддулам нь төрөлдөө
тэргүүлж, шилдгээр тодорлоо.
Түүний Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд өгсөн
ярилцлагын хэсгээс хүргэвэл "Дундговь
аймаг дахь сум дундын шүүхэд 2006 онд шүүгчийн туслахаар ажилд орж байлаа.
Шүүхийн захиргааны байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Улсын уралдаанд
иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахын төрөлд түрүүллээ. Тэмцээний
шалгаруулалт шударга байсанд сэтгэл хангалуун байлаа. "Хувь хүн шүүхийн
шинэтгэлийн хөдөлгөгч хүч” сэдвээр бичсэн эссэндээ шүүхийн захиргааны ажилтны хувьд шүүхийн шинэтгэлд өөрийн хувь нэмрээ оруулах
тухайгаа бичсэн”.
Дундговь аймаг, цаашлаад бүсийнхээ нэрийг улсын хэмжээнд
гаргасан Ж.Чимэддулам, амжилттай оролцсон Г.Тунгалагтуяа нартаа ажлын өндөр амжилтыг
хүсэн ерөөе!
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР