Дундговь аймагт шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон малчин Н.Нэргүйбаатар өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа ч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 220 километр замыг туулан, замын унаанд дайгдаж, шүүхийг зорьж очсон байна. Хэдийгээр алс зайдуу нутаглаж байсан ч иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон малчин Н.Нэргүйбаатарт тус шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш талархсан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шүүхийн
иргэдийн төлөөлөгчдийг програмаар буюу санамсаргүй тохиолдлын аргаар сонгодог.
Алслагдмал сумын иргэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд шүүх хуралд
ирж оролцдог уу?
-2017 оны 11 дүгээр сарын эхээр иргэдийн төлөөлөгч
оролцох шаардлагатай хуралд аймгийн төвийн хөдөөний багийн иргэн сонгогдсон.
Утасны сүлжээний асуудлаас болоод хөдөө алслагдмал багийн иргэдийн утас
холбогдохгүй байх тохиолдол их гардаг. Харин энэ удаад сонгогдсон иргэдийн
төлөөлөгчийн утас руу залгахад эхнэр нь аваад түүнийг "Хониндоо явсан. Удахгүй
ирнэ. Тан руу яриулья” гэдэг хариу өгсөн.
Төд удалгүй сонгогдсон иргэн маань надтай ярилцаад "За би оролцоно” гэсэн.
Гэтэл хурал болох өдөр иргэдийн төлөөлөгч маань ирдэггүй, түүний утас ч
холбогдохгүй байсан болохоор би сандарч, нөөцөд сонгогдсон иргэд рүүгээ
холбогдохоор зэхэж байтал миний өрөөнд дурангаа үүрсэн, хижээл насны малчин эр
орж ирсэн. Энэ хүн бол иргэдийн төлөөлөгч Нямын Нэргүйбаатар буюу миний утсаар
нэг л удаа холбогдсон "За би оролцоноо” гэсэн үгэндээ хүрдэг малчин ардын нэгэн
төлөөлөл. Аймгийн төвийн хөдөөний сумд холдоо 60 км байдаг. Гэвч цаг агаарын
байдлаас болж хэдэн малаа дагадаг малчид маань цагийн байдлаас шалтгаалан өөр
нутаг зорих нь элбэг. Үүний нэгэн адил Н.Нэргүйбаатар маань аймгийн төвөөс 220
км зайд Төв аймгийн нутагт нутаглаж байгаад өөрийн иргэний үүрэг, хэлсэн
үгэндээ хэрхэн хүрдэгийг харуулан тэр хол нутгаас машинд дайгдан ирсэн.
-Шүүх
хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн Н.Нэргүйбаатар ямар
сэтгэгдэлтэй байсан бол?
-Жирийн нэгэн малчин, өмнө нь шүүхээр үйлчлүүлж
байгаагүй, аймгийн төв ч цөөхөн орж ирдэг гэж байсан. Тэрээр шүүхийн иргэдийн
төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаандаа оролцон, шүүхийн үйл ажиллагаатай бүрэн
танилцсан. Тэгээд "Шүүх гэхээр айх, эмээх байдал надад өмнө нь байсан. Гэтэл би
иргэн хүнийхээ хувьд хуралд оролцоод дүгнэлтээ гаргалаа. Шүүхийнхээ үйл
ажиллагаатай танилцлаа. Шүүхээ танилцуулахдаа та "Шүүх иргэнд үйлчилдэг
байгууллага” гэж хэлэхэд дотроо үнэндээ гайхаж байсан. Гэвч шүүхийн иргэдийг
хүлээж авдаг байр, ажилчидтай нь уулзаад, ярилцаад явахад миний бодол гайхах
биш харин үнэн юм байна гэдгийг мэдлээ” гээд их өндөр сэтгэгдэлтэй буцсан.
-Алс
хол гэж цааргалахгүй шүүхийг зорин ирдэг иргэддээ хандаж юу хэлэх вэ?
-Шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад
дэмжлэг үзүүлдэг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцдог иргэд болон
хөдөө орон нутгаас цагийн байдлыг үл харгалзан энэ мэт сэтгэл гарган ирдэг
малчид та бүхэндээ баярлалаа. Иргэний үүргээ ухамсарлан, шүүхийн байгууллагыг
хүндэтгэж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бол энэ мэт хариуцлагатай хандаж
байхыг бусад иргэдээсээ хүсье.