Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор цагаатгагдсан иргэн Д.Отгонбаяр нь шүүхэд талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн тул түүний ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
- Та ямар хэрэгт холбогдож, улмаар шүүхээр цагаатгагдсан бэ?
Би хүүхдээ санамсаргүй унагаасан юм. Тухайн үед хүүхэд минь өвдсөн. Улмаар түүний бие мах бодид хөнгөн хохирол учирсан байна гэж прокурорын газраас үзээд миний хүүхдээ унагасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Хүүхэд маань нялх байсан, тэглээ ч үр хүүхдээ унагаагаад өвтгөнө гэдэг ямар ч эцэг, эх хүнд сайхан байхгүй. Гэтэл миний энэ унагасан үйлдэл нь гэмт хэрэг болоод цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдсан. Болгоомжгүйгээсээ гаргасан үйлдэл минь гэмт хэрэг болчихлоо гээд би их харамсаж байсан. Гэтэл анхан шатны шүүх надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх мөн анхан шатны шүүхийн тогтоолыг хууль ёсны байна гэж үзэж хэвээр баталсан. Прокурор хяналтын шатанд гомдол гаргаагүй тул намайг цагаатгагдсан гэж шүүгчийн туслах надад хэлсэн. Би одоо цагаатгагдсан.
-Багагүй хугацаанд та
хуулийн байгууллагуудаар шалгагдсан байна. Шүүхээс танд холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргах үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Эхлээд шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Отгонбаярыг цагаатгасугай гэж
хэлэхэд би юу ч ойлгоогүй. Улмаар цагаатгах тогтоолоо бүрэн уншиж дуусаад
надаас шүүгч асууж, лавлах зүйл байна уу гэхэд нь би цагаатгасугай гэж юу гэсэн
үг бэ гэсэн. Тэгээд шүүгч надад тайлбарлаж өгч, би ойлгосон. Тэр мөчид шүүгчид
маш их баярласан. Шүүхийн тогтоол нуруун дээр минь байсан том дараасыг аваад
хаясан.
-Таны болгоомжгүй үйлдэл танд
ямар сургамж болсон бэ?
Хүн өөрийн бүхий л үйлдэлд анхаарч
байх хэрэгтэй юм байна лээ. Санаатай болон санамсаргүй гаргасан хүний үйлдэл нь
нийгэмд, бусдад хор хохирол, аюул учруулвал гэмт хэрэг болдог. Би автомашины
засварын ажил хийдэг. Машиныг сайн засвал эзнийх нь аюулгүй байдал хангагдана
гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл машиныг би чин сэтгэлээсээ засдаг шиг үйлдэл
болгондоо болгоомжтой хандаж байх хэрэгтэй.
-Шүүхэд талархсан
сэтгэлээ илэрхийлж, иргэдэд өөрт учирсан сургамжаасаа хуваалцсан танд
баярлалаа.
Өнөөдөр таны өмнөөс ингээд инээгээд,
талархсан сэтгэлээ илэрхийлэх боломж бий болгосон шүүхдээ баярлалаа. Хүн бүр
өөрийн жижиг, том гэлтгүй аливаа үйлдэлдээ эзэн нь болдог юм байна шүү гэдгийг
залуус та бүхэндээ захин хэлье. Баярлалаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР