Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох, харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг "Цахим нэгтгэл” төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран хийж гүйцэтгэсэн. Тус санд иргэн цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргаснаас эхлээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдах, хэргийг шүүхээр хэлэлцэх, шийдвэрлэсэн байдал зэрэг эрүүгийн хэргийн цогц мэдээлэл байрших аж.
Энэ санд тулгуурласан иргэний портал e-justice.mn сайтыг ашиглахад бэлэн болгожээ. Уг сайтаас иргэн мөрдөх байгууллагад гаргасан гомдлынхоо явц, шийдвэрлэлтийн мэдээлэл болон мөн гэмт хэргийн улмаас хохирсон болон гэмт хэрэгт холбогдсон хүмүүс өөрт хамааралтай хэргийн мэдээллийг интернэт ашиглан авах боломжийг бүрдүүлжээ.
Хэвлэлийн бага хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ёоханес Шнайдер, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төслийн удирдагч Л.Заяа, ШШГЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга, ахмад С.Галт-Оч, ЦЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхзул нар оролцсон юм.