Шийдвэр. хураангуй:Дугаар 02
САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүхийн нэр, магадлалын дугаар: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн магадлал, 2021.11.19. №15
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Иргэн Ж шүүхэд хандаж “О-ийн өмчлөлийн орон сууцны балконы хаалт машин дээр нь унасны улмаас хохирол учирсан тул О-оос машины хохирол, эд хөрөнгө үнэлүүлсний төлбөрт нийт 1,242,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч О нь “байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас балконы хаалт унасан учир хариуцах үндэслэлгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх “орон сууцны өмчлөгч эд зүйлээ зохих ёсоор арчилж хамгаалаагүйн улмаас орон сууцны балконы хаалт нэхэмжлэгчийн автомашин дээр унаж эвдэрсэн” гэж үзэж хариуцагчаас нэхэмжилж буй үнийн дүнгээр хариуцлага ногдуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан үзээд “Хэрэгт авагдсан баримтаар байгалийн хүчтэй шороон шуурганы улмаас хүн, мал эндэх, олон айлын цонх балконы эд зүйл эвдрэх зэргээр нийтэд илэрхий гамшиг тохиолдсон болох нь тогтоогдсон байна. Иймд Иргэний хуульд заасан “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас... гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй” гэсэн зохицуулалтыг баримтлан хариуцагчийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/19713?daterange=2021-11-01%20-%202021-11-29&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг