ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН БУС ГАЗРЫГ БУСДЫН ХУУЛЬ БУС ЭЗЭМШЛЭЭС ЧӨЛӨӨЛҮҮЛЭХИЙГ ШААРДАХ ЭРХГҮЙ

Шийдвэрийн огноо,  дугаар:  2023-2-15, 139/ШШ2023/00082

       Шийдвэрийн тойм: №2, 2023-3-22

       Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

       Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр

хангах зорилготой болно.

      Нэхэмжлэгч Д.Ё нь “миний эзэмшлийн бууцнаас 750 метр газарт байгаа манай малын бэлчээр болох Хулгарын дов гэх нэртэй дэрстэй газарт хариуцагч А.Т нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүй дур мэдэн бууц хороо бариад эзэнгүй гэр бариад орхисон. А.Т нь дээрх газрыг манай малын бэлчээр гэдгийг мэднэ. Манайх тэнд олон жил амьдарч мал аж ахуй эрхэлж байгаа. А.Т нь багийн Иргэдийн нийтийн хуралд уг газрыг эзэмшихээр санал оруулсан гэх боловч багийн Засаг дарга нь ах дүү хамаатан садангийн хүмүүсээр дэмжүүлээд шийдсэн байж магадгүй” гэх нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч А.Т нь “Миний бие иргэн Д.Ё-ын эзэмшлийн газарт өвөлжөө бариагүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2017 оноос хөдөө мал маллан амьдарч байна. Өөрийн эзэмшлийн хороо бууц байхгүй. Багийн дарга, иргэдийн хуралд хүсэлт гаргаж өвөлжөө хаваржааны газар шийдүүлж өгөхийг хүссэн. Үүний дагуу 2022 оны 6 сарын 27-ны хурлаар багийн иргэд 100 хувийн саналаар Хулгарын дов гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Багийн иргэдийн нийтийн хурлын 2022 оны 6 сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоол байгаа” гэж маргаж байна.

      Шүүхийн хэлэлцүүлгээр хариуцагч А.Т нь Хулгарын дов гэх газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар хороо барьсан, нэхэмжлэгч Д.Ё, хариуцагч А.Т нарын хэн аль нь Хулгарын дов гэх газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй гэх үйл баримт тогтоогджээ.  Талууд багийн иргэдийн нийтийн хурал болсон эсэх, багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан эсэх талаар маргаж байх боловч энэ нь хэрэгт хамааралгүй гэж шүүх үзсэн.

    Газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий эзэмшигч бусдын хууль бус эзэмшлээс газрыг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Д.Ё нь Хулгарын дов гэх газрыг эзэмших эрхгүй байх тул хариуцагч А.Т-ын хууль бус эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.