Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй

Шийдвэрийн огноо, дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэр,

Тоймын огноо, дугаар: 2025.12.05                             Дугаар 03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

        “Наран” ХХК-иас улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 180/02 тоот актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... манай компани дүрэмд заасан үүргээ биелүүлж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг үйлдсэн. Гэвч дахин хэрэгжилтийг хангуулна гэж байгаа нь ойлгомжгүй. Өмнө хяналт шалгалт хийхэд авсан материалуудыг ашиглан 3 сарын дараа энэ актыг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ... Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудалд урьдчилан дүгнэлт хийсэн. Мөн тухайн “А” гэгч этгээд нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж, өдөр, өдөртөө цалингаа авдаг байсан учраас түүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл улсын ахлах байцаагч ажилтан, ажил олгогчийн харилцаа байна, иймд танайх Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж, ажилтандаа нөхөн төлбөр төл гэж байгаа нь хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй ...” гэж маргасан.

          Шүүх “Наран” ХХК болон иргэн “А” нарын хооронд аль төрлийн ямар гэрээ байгуулсан, эс байгуулснаас үл хамаарч “А” ажил үүргээ тодорхой хугацаанд биечлэн гүйцэтгэж эхэлснээр “Наран” ХХК, “А” нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

          Өөрөөр хэлбэл, энэ акт нь Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудалд урьдчилан дүгнэлт хийсэн асуудал биш бөгөөд “Наран” ХХК иргэн “А”-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.  

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.