БУСДЫН ВИЗА КАРТААР ЭЗЭМШИГЧИЙН ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ ГҮЙЛГЭЭ ХИЙХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО

Шийтгэх тогтоолын дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/406

     Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

     Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

     Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

    Шүүгдэгч Т.У-г 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн С.Д-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн Хаан банкны виза картаас 370.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан  прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

    Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн дипозит дансны хуулга  болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.У нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогч С.Д-ийн хүүхдийг өдрийн цагаар харж байхдаа түүний 10.000 төгрөгөөр хүнсний зүйл аваарай гэж захиж үлдээсэн виза картыг ашиглан ХААН банкны ....тоот данснаас 360.000 төгрөгийн зарлагын гүйлгээг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ.

     Өөрөөр хэлбэл хохирогч С.Д нь шүүгдэгч Т.У-д 10.000 төгрөг захиран зарцуулах эрхийг олгож виза карт болон нууц үгээ үлдээсэн байхад шүүгдэгч Т.У нь хохирогчийн данснаас 360.000 төгрөгийн гүйлгээг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хийж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Т.У-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

      Шүүхээс шүүгдэгч Т.У-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.