ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД НИЙЦҮҮЛЭХ НЬ ЖОЛООЧИЙН ҮҮРЭГ ЮМ

Шийтгэх тогтоолын дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/105

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

     Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

     Прокуророос шүүгдэгч О-г 2021 оны 09 дүгээр сард Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улсын чанартай авто замд “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б-н жолоодон явсан “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 3 зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хуулийн этгээдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн болон нөхөн үзлэгийн тэмдэглэл, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

    Зам тээврийн осол гарах болсон шалтгаан шүүгдэгч О нь шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодон 2 эгнээ бүхий улсын чанартай автозамд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ хөдөлгөөний эрчим, хурд, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдэх үүргээ биелүүлэлгүй эсрэг урсгалд орж улмаар уг эсрэг урсгалд явж байсан машин нь замаас арга буюу гарах үйлдэл хийх үед мөн дагаж гарч замын хөвөө хэсэгт эгц урдаасаа мөргөлдөн уг осол гарсан байна.

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт эмчилгээ, үйлчилгээнд гарсан зардлуудыг заримыг нь төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.