ӨМЧЛӨХ ЭРХТЭЙГ НОТЛОХ БАРИМТ ЧУХАЛ

Шийдвэрийн огноо, дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04 шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2024.09.23         Дугаар 03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нэхэмжлэгч “К” нь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “М” ХХК-ийн өмчлөлд тус аймгийн төвд байршилтай 467.6 м.кв талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг холбогдох тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс “хоршоог худалдаж авахад гуравдагч этгээд нар нь тодорхой хувьцааг нийлүүлсэн боловч би ихэнх хувьцааг гарган дуудлага худалдаанд оролцож, бүх юм миний нэр дээр гарсан. Гэтэл надаас зөвшөөрөл авахгүйгээр, ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр миний хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэж, хариуцагчаас “бүртгэл хууль зөрчөөгүй бүртгэсэн” гэж, гуравдагч этгээдээс “иргэн “К”-ийн 1994 оны хоршооноос гарна гэсэн өргөдөлд үндэслэн тухайн өдөр гишүүд хуралдаж “К”-д гуанзны үндсэн хөрөнгө, агуулахын хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн хуваарилж өгсөн. Ингээд хоршоо үлдсэн 3 гишүүнд үлдсэн” гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 

Эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгтээ хавсарган өгсөн “М” ХХК-ийн албан бичиг, үнэлгээ хийсэн тайлан, газар эзэмших гэрчилгээ, барилгын зохион байгуулалт зэрэг баримтууд нь тус компанийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон байх тул улсын бүртгэл хууль зөрчөөгүй.

Харин өмчлөлийн маргаан, хөрөнгө хуваасан асуудлыг иргэний шүүх шийдэх бөгөөд өмчлөгч хэн болохыг захиргааны шүүх шийдвэрлэхгүй, зөвхөн бүртгэл үндэслэлтэй эсэхийг хянах чиг үүрэгтэй.

Тойм бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.