Үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд шилжүүлсний улмаас буурсан цалин хөлсний зөрүү, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

          Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нэхэмжлэгч О хариуцагч  Э газарт холбогдуулан үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд шилжүүлсний улмаас буурсан цалин хөлсний зөрүү 6,791,155 төгрөг, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 780,982 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 848,895 төгрөг, нийт 8,421,032 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч Э газар цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 7,370,875 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч талаас цалингийн зөрүү 6,791,115 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 848,894 төгрөг, нийт 7,640,009 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /даатгуулагчаас төлөх 780,982 төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дугаар зүйлийн 21.7 дахь заалтаар ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон хүний шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлөхөөр хуульчилжээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч О-г үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсний улмаас үүссэн цалингийн зөрүүнд ноогдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг буруутай этгээд буюу Э газар нийгмийн даатгалын зохих санд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 848,894 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа ажилтнаас болон, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч талаас гаргуулан нийгмийн даатгалын зохих санд төвлөрүүлэхийг шаардаагүй боловч ажилтан, ажил олгогч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 21 дугаар зүйлийн 21.1, 21.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар сар бүрийн цалин орлогоос суутгаж, тооцож, төлөх үүргийг хуулиар хүлээсэн тул хариуцагч талд дээрх үүргийг оногдуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд хариуцагч Э газраас цалин хөлсний зөрүү 6,791,115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,629,867 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О-д  олгох 6,791,115 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд 781,971 төгрөгийг,   ажил олгогчоос төлөх 848,889 төгрөгийг нийгмийн даатгалын зохих санд төлөхийг, мөн төлснийг баталгаажуулахыг Э газарт даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулав.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/31988?daterange=2024-01-01%20-%202024-12-03&id=2&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.