ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ ЖОЛООЧИД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАВ

Шийдвэрийн дугаар: 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 33

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2023.01.13.шийдвэр хураангуй: дугаар 01

 

         Иргэн В.Э-ийн унаж явсан том оврын ачааны автомашин эвдрэлийн улмаас зам дээр зогссон байна. Жолооч ийнхүү машиныг зогсоохдоо хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах, “Харанхуй үед гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаах, хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд анхааруулах дохио хэрэглэнэ гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримтлах ёстой. Гэтэл  жолооч дүрмийн энэхүү заалтыг баримтлаагүйгээс түүний зогсож байсан автомашины араас нь мөргөсөн суудлын автомашины  жолооч нас баржээ.

         Прокуророос шүүгдэгч В.Э-ийн үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нас барсан жолооч хурд хэтрүүлж явсан гэм буруутай учир  Э-ээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж давж заалдах гомдол гаргасан.

     Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд жолооч бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах үүрэгтэй, гэнэтийн эвдрэл гэмтлийн улмаас автомашин зогсоход хүрвэл автомашиныг ямар нэгэн байдлаар замаас чөлөөлж зогсоох ёстой. Гэхдээ Э-ийн унаж явсан автомашин том оврын ачааны зориулалттай , түрэх чирэх зэргээр замаас холдуулах боломжгүй байсан хэдий ч энэ тохиолдолд үүсэж болох аливаа эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан тооцоолж аюулгүй байдлыг боломжит хэмжээнд хангаж чадаагүй. Учир нь шүүгдэгч тухайн нөхцөлд оврын гэрлийг асаах, анхааруулах дохио хэрэглэх зэргээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чанд баримталсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байх боломж байсан гэх дүгнэлтэд хүрч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, хохирогч нарт учирсан хохирол төлбөр болон нас барсан хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийг насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх зэрэг асуудлуудыг  анхан шатны шүүх шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл заалтыг  зөв тайлбарлан  хэрэглэсэн, харин  хохирогч, иргэний хариуцагч нар өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд заах нь тэдний хууль ёсны эрх ашигт нийцнэ гэж үзэн шийтгэх тогтоолд энэхүү өөрчлөлтийг оруулав:

     САНАМЖ: Энэхүү тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/16029?daterange=2022-11-01%20-%202022-12-06&id=2&court_cat=2&bb=1

 

Тойм бэлтгэсэн: /Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг/

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.