Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг
Шийдвэрийн дугаар: 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 218/МА2023/00002
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
2023.06.08.шийдвэр хураангуй: дугаар 04
Нэхэмжлэгч С.Ц нь Х.Б-ээс өвөлжөөний бууцыг 3.500.000 төгрөгөөр худалдсан гэж тодорхойлон, хагас мөнгөө төлөөгүй тул түүний хууль бус эзэмшлээс өвөлжөөний бууцаа чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Х.Б тайлбартаа: нэхэмжлэгч гэрчилгээгээ зориуд одоо болтол миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа учир шилжүүлэхийг даалгаж өгнө үү? гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан.
Шүүх үндсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчид өвөлжөөний бууцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэхдээ талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээг цуцалсан нь зөв Харин талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй байхад байгуулагдсан гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь худалдах худалдан авах гэрээний зүйл нь худалдагч талын өмч байдаг. Хэрэгт хэн нэгний өмчлөлийн зүйл байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл тухайн газарт баригдсан хашаа хороо байвал тухайн хүний өмч байж, өмчлөгчийн тухайн хөрөнгө нь худалдах худалдан авах гэрээний зүйл байж болно. Гэтэл ийм нотлох баримтгүй байхад энэхүү гэрээг хийгдсэн гэж дүгнэх боломжгүй. Өмчилж болохгүй газрыг худалдах ойлголт байхгүй. Харин өвөлжөөний газрыг эзэмших эрх шилжүүлэх талаар талуудын тохиролцоог нотолсон эрх шилжүүлэх гэрээ хавтаст хэрэгт байсан. Гэрээний тал тухайн гэрээгээ зөрчсөнөөс тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нь биеллээ олоогүй учир нөгөө тал энэ гэрээнээсээ татгалзаж байгаа шаардлагад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Энэ хүү нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулахдаа гэрээг цуцалснаас үүсэх үр дагавар нь талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах зарчим үйлчлэх ёстой, хариуцагч энэ үүргээ биелүүлэх нь хуульд нийцэх талаар магадлалд тусгаж шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг