Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэв

Шийтгэх тогтоолын дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/159

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

 

Прокуророос шүүгдэгч Н.Н-г 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн Мандалын 00 тоот хашаанаас иргэн Б.Б-н өмчлөлийн гартааман хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэж үзэж дараах шийдвэрийг гаргасан болно.

Шүүгдэгч Н.Н нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Б-н гуйлтаар түүний амьдран суух газарт буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 00 тоот хашаанд түлээний мод буулгаж өгсөн байна.

Уг түлээний мод буулгаж өгсөн үйлдэлд хохирогчийн зүгээс талархаж түүний хариуд 1 шил архи авч өгсөн ба улмаар монгол ёс заншлын дагуу өөрийн гэрээс гартааман /Даваа толгойтой дунд гарын гартааман/ хөөргөө гаргаж ирж хөөрөглөжээ.

Гэвч хохирогч Б.Б-н хувьд 1936 онд төрсөн, 87 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг этгээд бөгөөд хөөрөглөсөн гартаам хөөргөө шүүгдэгчээс авахаа мартсан ба дээрх нөхцөл байдлаар шүүгдэгчийн эзэмшилд ирэхэд нь завших сэдэл төрж шамшигдуулсан байна.

Шүүгдэгч ийнхүү хөөргийг авч явахдаа бусдад хүч хэрэглээгүй, нууц далд аргаар аваагүй гагцхүү хохирогчийн эд зүйлээ мартсан байдлыг нь далимдуулсан буюу хохирогч хөөргөө буцаан авахаа мартах тэр эгшинд уг эд зүйл нь гээгдэл эд хөрөнгө болон хувирчээ.

Дээрх байдлаар хохирогч нь хөөрөг зөрүүлэх ёс заншлын дагуу хөөргөө өгсөн боловч буцааж авахаа мартсан нөхцлийг далимдуулан шүүгдэгч авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэргийн шинжгүй үйлдэл болно.

Харин бусдын өмчлөлийн эд зүйлийг авахын тулд шүүгдэгч нь идэвхтэй үйлдэл хийгээгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүний эзэмшилд шилжин ирсний дараа завших сэдэл төрж, шамшигдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж шүүхээс дүгнэв.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгч Н.Н-ний үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулалгүйгээр түүнд 450 нэгжээр буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлсөн болно.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.