Шүүгчийн ганцаарчилсан сургалт амжилттай болж өндөрлөлөө
2016-10-03 15:47:04 | 147 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний сонирхлыг дэмжих зорилгоор \"Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ыг зарласан бөгөөд энэхүү сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 ээлжээр нийт 21 анхан болон давж заалдах шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг оролцуулж Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд түшиглэн амжилттай зохион байгуулж дууслаа.
Энэхүү сургалт нь шүүгчдэд судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачлагаа бодитойгоор хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших, шүүгч бие даан суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд оршсон юм.
Энэхүү сургалтаар шүүгчид эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй, хууль зүйн дүгнэлт гаргах, кейс, анализ хийх арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих ерөнхий аргачлал зэрэг сэдвийн хүрээнд онол практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн өөрсдийн сонгосон болон мэргэшиж буй сэдэв, чиглэлээр хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй бие даан танилцаж, судалсан юм. Тус сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, референтүүд судалгаа шинжилгээний ажил хэрхэн хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих нийтлэг арга зүй, тодорхой маргаан бүхий шүүхийн шийдвэрт хэрхэн дүн шинжилгээ хийх зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, энэ хүрээнд санал бодлоо солилцсон юм.
Тус сургалтад хамрагдсан шүүгчид өөрсдийн сонирхсон чиглэлээр, ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, бие даан суралцаж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлснээ онцлон тэмдэглэж байсан юм.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН
. . .