-1

2025 ОНЫ ШИЛДЭГ АЖЛААР ШАЛГАРЛАА

2026-02-04 00:00:00    |   681

      Тус шүүхийн Тамгын газар нь”Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, зорилго, зорилт”-уудын хүрээнд шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй байлгах, шүүхийн цахимжилтыг хөгжүүлэн иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, иргэдийн цаг, мөнгийг хэмнэх нөхцөлийг бүрдүүлсэн  “Цахим хөтөч киоск”-ийн системийг Дундговь аймагт анх нэвтрүүлснээр Монгол Улсын Шүүхийн байгууллагын 2025 оны ‘’ШИЛДЭГ АЖИЛ’’-аар шалгарлаа.

   “Цахим хөтөч киоск”-ийг ашиглан иргэд дараах үйлчилгээг авах боломжтой болсон. Үүнд:

  • Дуу хоолойгоор болон текстээр хайлт хийх технологи ашигласнаар шаардлагатай нэхэмжлэлийн загварыг хайлтаар гаргах, нэхэмжлэлийн загварыг сонсох,
  • Нэхэмжлэл, түүний загварыг өөрийн имэйл-рүү илгээх,
  • Нэхэмжлэл, хүсэлтийн загварыг А-4 хэмжээтэй хэвлэмлээр  хэвлэн авах
  • Улсын тэмдэгтийн хураамж  шүүхийн байрнаас төлөх боломжтой, банк явах шаардлагагүй. /“Хөтөч цахим киоск” дээр үүсгэж Улсын тэмдэгтийн хураамжийг VISA карт болон бүх төрлийн банкны QPay ашиглаж, банк орж улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болсон/.
  • Шүүхийн үйл ажиллагаа, захиргааны ажилтнуудтай холбоотой санал хүсэлтээ уг төхөөрөмжид өөрийн дуу хоолойгоор хэлэх, дэлгэрэнгүй мэдээллийг маягтаар бөглөж оруулах боломж бүрдсэн. Ингэснээр шууд текстээр бичигдэж, уг хүсэлт, гомдлыг шүүхийн Тамгын газар хүлээж авах, шуурхай арга хэмжээ  авах боломж бүрдсэн.
  • Шүүхийн мэдээлэл лавлагааны хүлээн оочирлох  шаардлагагүй болсон.
  • Хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бичиг үсэг мэдэхгүй хүмүүс үйлчлүүлэх боломжийг нээсэн.

“Цахим хөтөч киоск”-ийг шүүхийн 42 тамгын газарт нэвтрүүлэх боломжтойгоор хөгжүүлэлт хийгдсэнээрээ онцлог юм.

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шилдэг ажил хэрэгжүүлсэн шүүхийн Тамгын газар”-аар шалгарсан Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоожид Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шагналыг гардуулан өгч, баяр хүргэв. 

     Мөн энэхүү ажлыг санаачилсан шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуунд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

. . .