Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо
2019-11-27 15:56:31 | 169Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр (2019.11.06) Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад ажлын амжилт хүсэв.
Энхээгийн Батбаяр нь 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, 1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль төгсжээ. Улмаар 1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр, 2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
Тэрбээр \"Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс