-1

Бусдын тамгыг хуулийн этгээд ашиглах нь хуульд нийцэхгүй

2023-01-31 16:58:24    |   141

     Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 117/ШЗ2023/0004 шүүгчийн захирамж

Тоймын огноо, дугаар: 2023.01.17  Дугаар 01

                Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

    ”А” ХХК-ийн гүйцэтгэх захирал “О” нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Сайхан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дугаар тогтоолоор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “А” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд маргасан. 

    Нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтаас үзвэл тухайн нэхэмжлэлд  “А” компанийн гүйцэтгэх захирал “О” гарын үсгээ зурсан байх хэдий ч өөр хуулийн этгээд буюу “Г” ХХК-ийн тамгыг нэхэмжлэлд дарсан, мөн хүчингүй болгуулахыг хүссэн тогтоолоор “Г” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосугай гэж шийдвэрлэжээ.

   Шүүх дээрх үндэслэлүүдийг хянаж үзээд “А” ХХК-ийн нэхэмжлэлд өөр хуулийн этгээдийн тамгыг дарсан нь гүйцэтгэх захирал “О”-г төлөөлөх эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэл гаргагч “А” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн тогтоол нь түүнд хамааралгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав. 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээллэн хүргэх зорилготой болно

 

 

Тойм бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа

. . .