ХОРИГЛОСОН ХУГАЦААНД МОРИН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ОРОЛЦСОНООС ГАРАХ ҮР ДАГАВРЫГ УЯАЧ ХҮЛЭЭНЭ
2023-02-14 16:49:04 | 162Шийтгэх тогтоолын дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/105
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч нь Ж нь эрх бүхий байгууллагаас хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах, оролцохыг хориглосон хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоолойн гашуун” гэх газарт болсон морин уралдаанд оролцсон, уг уралдааны үед түүний морийг унаж байсан 14 настай Э-д хамгаалалтын малгай, хантааз, гутлыг заавал өмсүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар унаач хүүхэд мориноос унаж гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Дээрх хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Засгийн газрын “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон тогтоол, Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Аймгийн нутаг дэвсгэрт жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, бооцоот болон мялаалга найрын уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах оролцохыг хориглосон тухай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 25.000.000 төгрөг төлсөн үндэслэлээр холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаархи саналаа бичгээр гарган шүүгдэгчид танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Ж-г хориглосон хугацаанд морин уралдаанд оролцож, унаач хүүхдэд хамгаалалтын хувцас өмсгөх үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд хурдан морь уях, хурдан морь уралдуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Тойм бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр