Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж, хорих ял шийтгүүлэв
2023-03-31 12:28:07 | 160Шийтгэх тогтоолын дугаар: 2022.12.27 /ШЦТ02
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Прокуророос шүүгдэгч Ж-г хамтран амьдрагч Б-г зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан, цагдаагийн хэсгийн мөрдөгч Э-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заналхийлж эсэргүүцсэн, хэсгийн цагдаа Д-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, уг үйлдлээ цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй байх зорилгоор цагдаагийн хэсгийн мөрдөгчийг хүч хэрэглэхээр заналхийлсэн, хэсгийн цагдааг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна гэж үзээд шүүгдэгч Ж-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, “хууль сахиулагчийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, хууль сахиулагчийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, шүүгдэгч Ж-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал гэдэгт урьд өмнө нь 3 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргээ цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй байх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хамааруулж үзсэн болно.
Тойм бичсэн: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Г.Мөнхбат