-1

Дундговь аймгаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-д оролцлоо

2017-04-20 17:50:56    |   156

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд 21 аймгийн 330 сум, 9 дүүргээс сонгогдсон 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, 121 төрийн байгууллагын төлөөлөл, 77 төрийн бус байгууллага, судлаачид, 152 хороодын төлөөлөл нийт 880 оролцогчийг хамруулан \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
\"\"

Энэхүү зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ \"Шүүхийн шинэтгэлийн нэг чухал үзэл баримтлал бол шүүхэд иргэдийн хяналтыг тогтоох зорилт байлаа. 2012 онд баталсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг өөрчилж, шүүгчтэй адил хэрэг, маргаан таслах эрх олгосон. Гэвч уг зохицуулалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэн Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосноор шүүхийн иргэдийн төлөөлөгч нар зөвхөн санал хэлэх эрхтэй болсон боловч Монгол улсын засаг захиргааны нэгж тус бүрээс 12000 иргэн санамсаргүйгээр сонгогдож, шүүх, шүүх хуралдааныг дотроос нь ажиглаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж байна” гэв.


\"\"

Зөвлөгөөн нь \"Монгол улсад шүүхийн иргэдийн төлөөллийн тогтолцоо үүсч хөгжсөн нь”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага”, \"Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо, түүний ач холбогдол, хөгжлийн хандлага”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал” гэсэн дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд 30 гаруй иргэдийн төлөөлөгч нар өөрсдийн туршлага, санал, зөвлөмжөө дурдлаа.

\"\"

Дундговь аймгаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс Дэлгэрцогт сумын иргэн, 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан Гончигдавгын Бөхчулуун \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч бол хариуцлагатай алба. Тиймээс шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хуулийн шаардлага хангасан иргэдийн мэдээллийг гаргахдаа үнэхээр хуулийн шаардлагыг хангасан байна уу гэдэгт анхаарах шаардлагатай байна. Дүлий, сохор, бичиг үсэггүй, ял шийтгэлтэй хүмүүс сонгогддог. Эдгээр хүмүүс шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргах чадвар, боломжгүй. Мөн энэхүү зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг болмоор байна. Нэгдсэн энэ байдлаар зохион байгуулахад зардал их орж байгаа байх. Тиймээс аймаг, сумдад нь зохион байгуулвал зардал бага орохын сацуу тогтмол болно” гэж өөрийн саналыг эрх бүхий албан тушаалтан, иргэдийн төлөөлөгч нартаа хэлэв.

\"\"


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж зөвлөгөөнийг хааж хэлсэндээ үгэндээ \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох нь шударга ёсыг бий болгох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхэд хяналт бий болгох үндсэн 3 ач холбогдолтой” гэж онцолсон юм.

\"\"






. . .