Дундговь аймаг дахь шүүх Эрдэнэдалай, Сайхан-Овоо суманд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа
2017-04-23 19:19:50 | 157Тус аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд аймгийн төвөөс хамгийн хол зайд оршдог Эрдэнэдалай, Сайхан-Овоо суманд \"Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш \"Дундговь аймаг дахь шүүх, 2016 оны шүүн таслах ажлын мэдээ, онцлох ажил”, \"Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн”, \"Шүүх үйлчилгээний байгууллага болох нь”, \"Давж заалдах шатны шүүх иргэдэд ойртон ирлээ” зэрэг сэдвүүдээр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагааг иргэд, малчид, албан хаагчдад сурталчилсан юм.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Янжиндулам нь иргэдэд \"Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр сургалт явуулж, мөн нэхэмжлэл, өргөдлийг газар дээр нь хүлээж авч буйд орон нутгийн иргэд талархалтай хандаж байлаа.
Мөн Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны туслах ажилтан О.Мөнх-Оргил нар Сайхан-Овоо суманд 13 иргэний өргөдлийг амжилттай шийдвэрлэлээ.
Сайхан-Овоо сумын Засаг дарга Б.Түвшинбаатар \"Аймгийн төвөөс хол байдаг манай суманд урлагийн тоглолт ч бараг ирдэггүй. Гэтэл шүүх байгууллага ирж, манай иргэдийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан олон өргөдлийг нэг дор шийдвэрлэж, мөн иргэдийн гаргасан өргөдөл, нэхэмжлэлийг газар дээр нь зөвлөгөө өгөн хүлээн авч, зардал, цаг хугацааг маш их хэмнэлээ. Өмнө нь би шүүх гэхээр ял шийтгүүлэх гэж байгаа хүмүүс байдаг л газар гэж эмээх сэтгэл төрдөг байснаа нуухгүй. Гэвч сумынханд маань зориулж \"Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн явцад шүүхийг илүү их таньж мэдэж, буруу ойлголттой явснаа ойлголоо. Шүүх үнэхээр шинэчлэгдэж байгаа юм байна, иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээний байгууллага болж байгаа юм байна гэж дүгнэж байна” гэж тус сумын удирдлага өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургууль нь бага, дунд ангийн сурагчдад боловсрол олгодог. 7 дугаар ангиас эхлэн \"Нийгмийн тухай” хичээл ордог бөгөөд эрх зүй, хууль, шүүх гэсэн нэр томьёо тэдний хувьд хэдийнээ танил болжээ. Элдвийг асууж, лавлах тэнүүн бодолтой болсон 9 дүгээр ангийн сурагчдад \"Сайн сурагч” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Уг хэлэлцүүлгээр сурагчдад \"Биднийг өвөг дээдсийн минь сургааль, аав, ээжийн өдөр тутам сургамжилдаг үгс нь зөв төлөвшилтэй болгож хүмүүжүүлдэг. Зөв төлөвшилтэй хүүхэд нь аав, ээж, ах, эгч, дүү, багш, найз нөхдөө хүндэтгэн, ямагт эвийн санааг баримталдаг ёс зүйтэй хүүхэд болдог. Ёс зүйтэй хүүхэд эрх зүйг хамгийн сайн таньж мэддэг, эрх зүйт ухамсар түүнд бүрдсэн байдаг” талаар ярилцаж, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар