-1

Шүүхийн үйлчилгээ малчны хотонд ч хүрдэг болжээ

2017-05-03 14:11:53    |   184

\"\"

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Тус арга хэмжээний үеэр шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн иргэн, тус сумын жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Адъяа-Отгоны ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Ярилцлагыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн/ШЗБХМ/ Б.Алтандөш өрнүүлэв.

ШЗБХМ: Эрдэнэдалай сум болон танай суманд зохион байгуулж буй арга хэмжээ, төлөвлөсөн ажлууд үр дүнтэй болж байна. Таны бидэнд баярласан сэтгэлээ илэрхийлэх болсон шалтгаан юу байна вэ?

Адъяа-Отгон: Миний хувьд \"Сум хөгжүүлэх” санд зээлийн хэтрэлттэй байсан 19 иргэний талаар Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Хөдөө, орон нутгийн иргэд маань цагийн байдлаас шалтгаалан нүүдэллэн явдаг бөгөөд хаяг тодорхойгүй, утас ихэнхидээ холбогдохгүй байдаг. Дээрх 19 иргэнийг цуглуулаад аймгийн төв рүү 230 км явж очиход маш их зардал гарна. 19 иргэнээ бид нэг дор цуглуулаад аваад очиж чадахгүй. Увж, цуваад аймгийн төв рүү очно гэхээр гарах зардлын хэмжээ тэр хэрээр өссөөр л байна. Тиймээс бид эвлэрүүлэн зуучлагчийг сумандаа ирж ажиллахыг урихад хүлээн авсанд тун талархаж байна.

ШЗБХМ: Та яагаад эвлэрүүлэн зуучлагчид хандах болсон бэ?

Адъяа-Отгон: Манай суманд \"Шүүхийн мэдээллийн самбар” байдаг. Тус самбарт шүүхэд хэрхэн хандах, мөн шүүхийн шинэтгэлийн үр дүнд бий болсон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар бичсэн байсан. Улмаар би мэдээлэл лавлагааны ажилтантай утсаар холбогдож, мэдээлэл авсны үндсэнд эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь дээр юм байна гэж бодсон. Учир нь, Аймгийн төвөөс хол амьдардаг бидний хувьд цаг хугацаа, зардал, чирэгдэл хэмнэсэн ажиллагаа гэж санагдсан.

ШЗБХМ: Та шүүх байгууллагын талаар ямар ойлголттой байдаг вэ?

Адъяа-Отгон: Эвлэрүүлэн зуучлагчтай бид утсаар холбогдоход саналыг маань хүлээн авч, одоо ийнхүү ажиллаж байгаад нүдээрэй хараад л итгэж байна. Өмнө нь би шүүх гэхээр өөрөө ямар нэгэн буруутай үйлдэл хийгээгүй ч гэлээ эмээх сэтгэл төрдөг байсан. Мөн шүүхэд гэмт хэрэг үйлдсэн, сальж сарнисан хүмүүс очдог газар гэж боддог байлаа. Гэтэл \"Нээлттэй шүүх” өдөрлөгт өөрийн биеэр оролцож шүүхийн шинэтгэлийн явц, хэрхэн шинэчлэгдэж байгаа талаар бүрэн ойлголттой боллоо. Аймгийн төвд шүүхээр ороход л иргэд бидэн рүү чиглэсэн мэдээллийн самбарууд байсан. Мөн мэдрэгчтэй мэдээллийн цахим самбар байсан. Түүн дээрээс шүүхээр үйлчлүүлж байгаа хэн бэ гуай ч өөрт хамаатай мэдээллээ аваад шүүхэд хандаж болохоор болсон байсан. Эндээс шүүх би цахимжиж, шуурхай үйлчилгээтэй байна гэж ойлгосон. Мөн мэдээлэл лавлагааны ажилтны мэдлэг, хүнтэй харьцах чадварыг сайшаамаар байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг, иргэд бид шүүх байгууллагыг бидэнтэй харьцдаг албан тушаалтнаар нь дүгнэнэ шүү дээ.

ШЗБХМ: 2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн үр дүнг төгөлдөржүүлэх, шүүх-үйлчилгээний байгууллага болох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хэрэгжилтийн талаар та бодлоо хуваалцана уу?

Адъяа-Отгон: Шүүхээр үйлчлүүлж үзсэн хүний хувьд би шүүхийг бүрэн үйлчилгээний байгууллага болсон гэж дүгнэж байна. Нэг үгээр дүгнэж хэлвэл \"Шүүхийн үйлчилгээ малчны хотонд ч гэсэн хүрдэг болжээ”

ШЗБХМ: Тантай ярилцах тун таатай байлаа. Ярилцлагын төгсгөлд хэлэх үгээ хэлнэ үү?

Адъяа-Отгон: Би шүүхийн шинэтгэлийн талаар телевиз, радиогоор сонсож байсан. Мөн танай мэдээллийн самбараас холбогдох мэдээллүүдийг авдаг байсан. Гэвч шүүхийн талаар янз бүрийн бодолтой хүмүүс байдаг. Мэдээж хоёр иргэн маргалдахад ялагдсан, мөн шүүхээр яллагдсан иргэний шүүхийн талаарх сэтгэл, ханамж ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн чухал нь шүүхээр үйлчлүүлэх өөрөөр хэлбэл шүүх хуралдааны танхимд байхаас бусад цагт шүүх иргэддээ нээлттэй, шуурхай үйлчилгээ үзүүлдэг байх шаардлагатай. Энэ шаардлагыг Дундговь аймаг дахь шүүх бүрэн хангаж байна гэж үзэж байна. Нэг иргэнд хүрсэн сайн үйлчилгээ, дараагийн хүмүүст дамжсаар сайн жишиг болдог. Тийм ч учраас би шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм. Та бүхэнд, шүүхэд баярлалаа.

ШЗБХМ: Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье


. . .