“Хууль сурталчилах өдөрлөг” сургалтыг бүх сумдад зохион байгууллаа.
2017-11-13 17:03:40 | 188Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, \"Элгэмсэг дотно Дундговь холбоо” ТББ, \"Оюуны гэгээ” ТББ-уудтай хамтран \"Хууль сурталчилах өдөрлөг” сургалтыг тус аймгийн хөдөөгийн 14 суманд 2017 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч нар \"Дундговь аймаг дахь шүүх”, \"Шүүхийн шинэчлэл, түүний үр дүн”, \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, \"Цахим шүүх”, \"Иргэн төвтэй үйлчилгээ - Шүүхийн үйлчилгээний төв” сэдвүүдээр шүүхийн байгууллага, түүний үйл ажиллагаа, хэтийн төлөв, онцлог үйлчилгээг иргэдэд таниулах сургалтыг зохион байгуулж, сургалтын явцад 30 төрлийн 2000 гаруй тараах материалыг иргэд, сумын Засаг даргын Тамгын газарт тарааж, сургалтанд нийт 1800 гаруй иргэд, төрийн албан хаагч нар хамрагдаж, үүнээс 100 гаруй иргэдтэй биечлэн уулзаж, 6 өргөдлийг газар дээр нь хүлээн авлаа.
Иргэд \"Шүүх үйлчилгээний байгууллага болсон нь энэхүү сургалт болон нэхэмжлэл, өргөдлийг шууд хүлээн авч байгаагаар харагдаж байна. Холоос аймгийн төв рүү заавал очиж нэхэмжлэлд шаардлагатай материалуудыг мэдэж аваад дахин аймгийн төв рүү очиж нэхэмжлэлээ өгдөг байсан. Зарим зүйлийг буруу ойлгоод нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулж өгч чаддаггүй, буцаагддаг байсан. Гэтэл шүүхийн утас руу яриад, цахим хаяг руу нь нэвтрээд, мөн сумынхаа Засаг даргын Тамгын газар байрладаг \"Шүүхийн мэдээллийн самбар”-аас хэрэгтэй мэдээллээ аваад шүүхтэйгээ харьцдаг болсон нь бидний хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн явдал болж байна. Шүүхийн үйлчилгээ бидэндээ хүрээд мөн залуучуудынх нь харилцаа хандлага сайжирсан байгааг би хувьдаа шүүхийн асар том шинэчлэл гэж үзэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР