“Залуу хүмүүсийн ажлын байр баталгаагүй байна. Гэвч “Шударга шүүх”-тэйдээ талархаж байна”
2017-11-20 19:26:39 | 160Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж, шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн иргэн А.Эрдэнэмөнхтэй шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш ярилцлаа.
- Та шүүхэд ямар асуудлаар, хэрхэн хандсан бэ?
Би энэ онд ажлаасаа халагдаад улмаар шүүхэд хандсан. Шүүхийн талаар өмнө нь надад ямар нэгэн ойлголт байгаагүй. Яаж, хэрхэн хандах талаар мэдээлэлгүй байсан. Гэтэл фэйсбүүкэд \"Дундговь аймгийн шүүх” гэсэн хаяг байсныг мэдээд энэ хаяг руу ажлаас халагдсан хүн хэрхэн шүүхэд хандах талаар чат буюу зурвас илгээгээд анхандаа нээх тоолгүй орхисон. Гэтэл маргааш өдөр нь шүүхэд хэрхэн хандах талаар мэдээлэл болон 7059-3016, 8887-1615 гэсэн утсаар холбогдоод ойлгомжгүй зүйлийг тодруулах боломжтой гэсэн хариу ирсэн байгааг хараад үнэхээр гайхсан. Шүүхийн талаарх анхны сэтгэгдэл ийм өндөр байсан бөгөөд мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй нь очиж уулзаад зарим зүйлийг тодруулаад тэр өдөртөө нэхэмжлэлээ гаргасан.
-Өөрөөр хэлбэл шүүхээр үйлчлүүлэхэд танд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй юу?
Тийм. Цаг хугацаа их хэмнэсэн. Шүүх эрх мэдэл гэдэг утгаараа данхар аппарат гэдэг бодол л надад байсан. Хүн шүүхэд хандахдаа заавал өмгөөлөгчтэй оролцохгүй бол болдоггүй, өөрөөр хэлбэл иргэн бид хууль мэдэхгүйгээсээ шалтгаалаад шүүхийн шатанд эрхээ зөрчүүлэх, цаашлаад маргаандаа ялагддаг гэж сонингоос уншиж байсан. Гэтэл би анхнаасаа өмгөөлөгчтэй уулзаагүй. Хэрхэн нэхэмжлэл гаргах талаараа зөвлөгөө аваад, нэхэмжлэлийн загварын дагуу өөрөө нэхэмжлэлээ бичээд, шүүх хуралдаандаа хүртэл өөрөө оролцсон. Надад шүүхийн аль ч үе шатанд хэн нэгнээс айх, эмээх, эрхээ зөрчүүллээ гэсэн тохиолдол гараагүй. Өнөөдрийн байдлаар залуусын, тэр дундаа төрийн албан хаагч залуу хүмүүсийн ажлын байр баталгаагүй байна. Гэвч \"Шударга шүүх”-тэйдээ талархаж байна. Миний ажлаас халагдсан шийдвэр нь үндэслэлгүй байна гэж шүүхийн шийдвэр гараад би ажилдаа эгүүлэн томилогдсон.
-Та шүүхийн үйлчилгээг ямар болоосой гэж хүсч байна вэ?
Миний хувьд ажлаас халагдаад ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн гэрчилгээний дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандсан. Яг энэ төрлийн үйлчилгээг би өөртөө бүрэн сэтгэл ханамжтай авсан. Шүүхийн үйлчилгээ энэ хэвээрээ улам төгөлдөр болоосой гэж хүсч байна.
-Шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн танд баярлалаа. Шүүхээр үйлчлүүлж үзсэн иргэний хувьд үйчлүүлж үзээгүй иргэддээ хандаж юу хэлэх вэ?
Миний талархсан сэтгэгдлийг хүлээж авч буй та бүхэнд баярлалаа. Шүүхийн үйлчилгээг заавал очиж биш утас болон цахим хэлбэрээр авч болно. Залуу хүмүүс шууд л их, дээд сургууль төгсөөд нийгэмдээ баялаг бүтээж чадахгүй. Бид туршлагыг эхний ээлжинд хүссэн хүсээгүй ажил хийж, хэн нэгний удирдлага дор үүрэг гүйцэтгэж олж авна. Төрийн алба болон хувийн хэвшлийн ажилтанг дарга, захирал нь гарын үсэг зураад л ажлаас халчихдаг. Гэтэл тэр ажилтан нь цалингаараа гэр бүлээ тэжээдэг, цалингийн зээл хийж боловсрол эзэмшиж, байр, машинд зарцуулдаг. Ажилтан нь эрх бүхий албан тушаалтай хүний тоглоом биш. Хууль бусаар халагдаж байгаа хэн ч над шиг шүүхэд хандаад шударга шийдвэр гаргуулах бүрэн боломжтой.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР