“Хуульчийн Про боно -2019” өдөрлөгт оролцлоо.
2019-04-30 20:11:37 | 153Тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Тамгын газраас иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахаар Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг \"Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж буй үйл ажиллагаанд нэгдлээ.
Энэхүү өдөрлөгт тус аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Хуульзүйн туслалцааны төв, Хүний эрхийн үндэсний комисс, Нотариат, Өмгөөллийн зөвлөл, Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс тус тус өргөн бүрэлдэхүүнээр оролцож иргэдийн төр, хувийн хэвшлээс авах үйлчилгээг нэг дор цогцлуулж, иргэдэд хүрч ажиллалаа.
Нийт иргэдэд чиглэсэн энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн үг хэлж, иргэдийг өргөнөөр үйлчлүүлэхийг уриалав.
Тус аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн баг иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж 12 иргэнд зөвлөгөө, иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид хандсан 1 өргөдөл хүлээн авч, архиваас 3 иргэн материал авч үйлчлүүллээ. Мөн шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, улсын тэмдэгтийн хураамж, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал, шүүхийн шийдвэрийн цахим сан, цахим шүүх-архив зэрэг мэдээллийг иргэдэд тайлбар, гарын авлага, шторк хэлбэрээр хүргэлээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР