-1

“Шүүхийн тухай миний ойлголт эссэ” бичлэгийн уралдаан зохион байгууллаа.

2019-12-23 22:42:48    |   287

Өсвөр, залуу насныханд шүүхийн тухай ойлголт бий болгох, тэдний ойлголтыг танин мэдэх, шүүхэд итгэх итгэлийг судлах зорилгоор зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 34 сурагч оролцлоо.

Эссэ бичлэгийн уралдаанд оролцсон оролцогч бүр тун мэдээлэлтэй, чадварлаг оролцсон болохыг цохон тэмдэглэн баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсье.

Тус уралдааны \"Тэргүүн” байранд Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн 479 дүгээр группийн сурагч Т.Отгонбаяр, \"Дэд” байранд Хүмүүнлэг сургуулийн 12А ангийн сурагч Э.Цэрэнжаргал, \"Гутгаар” байранд Хүмүүнлэг сургуулийн 12А ангийн сурагч З.Анударь нар шалгарсан бөгөөд тус уралдааныг зохион байгуулах комиссын зүгээс нэмэлтээр \"Тусгай” байранд Цэгц билиг сургуулийн 11Б ангийн сурагч Н.Маргад нарыг тус тус шагнаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж, шагналыг тус шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн гардуулан өглөө.

\"\"

Өөрийн оюун бодол юуг чилээж, амжилттай оролцсон дээрх оролцогч нарт \"Сэтгэн бодох цараа тань улам бүр тэлж, Энэ Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийн түүчээ, эзэн нь яваарай” хэмээн Дундговь аймгийн шүүхийн хамт олноос хүсч байна.

Та бүхэн 1-3 дугаар байранд шалгарсан эссэг уншиж, танилцуулна уу.

\"\"

Тэргүүн байранд шалгарсан Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 479 дүгээр группийн сурагч Т.Отгонбаярын эссэ:


\"ШҮҮХ” гэдэг үгийг тунгаан бодохуй аливаа хэрэг явдлын учрыг буцаан хянах гэсэн үндсэн утгаас гадна ямар нэг зүйлээс юуг ч ялган шүүж авах тухай утгыг илэрхийлж буй мэт санагдана. Учир нь хүний хийсэн шугам хоолойгоор, өөр хаашаа ч гажилгүй, дуулгавартайгаар яаран яаран урсан ирж буй ундны цэвэр усыг БИД ШҮҮДЭГ. Цэвэр ус ч гэлээ түүнд байгаа булингарыг ялгаж, илүү цэвэр болгох гэж шүүдэг. Тэгвэл хүмүүс бид яг энэ крантны ус шиг зам мөрөөсөө хазайлгүй, дуулгавартай байж чаддагсан бил үү?Усыг хүртэл шүүдэг бид өөрсдийгөө хэр шүүдэг бол...

Энэ л асуултын хариуг олохын тулд шүүх байгууллагын талаар юу мэддэгээ бодоод үзэхэд үнэн худлыг дэнсэлдэг, зөв бурууг ялгадаг, бусдад гэм хор учруулсан нэгнийг шийтгэж, нийгэмд дэг журам тогтоож, энхийн замаар хууль сахиулдаг гэсэн наад захын л ойлголт байгаа нь одоо арван долоон настай миний хувьд маш чамлалттай санагдлаа. Цаашлаад би ирээдүйн мэргэжлээ хууль сахиулах, батлан хамгаалах чиглэлээр сонгох зорилготой байгаа болохоор хууль эрх зүй, шүүхийн тухай сайтар судлах хэрэгтэй гэдгээ ухаарсан юм.

Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед интернет цахим орчин, сүлжээнээс ямар ч мэдээллийг алган дээр тавьсан мэт тодорхой авах боломжтой болжээ. Гагцхүү авсан мэдээлэлдээ бодитоор хандаж, хэрэгтэйг тусгах нь чухал байх гэж боддог.

Монгол Улсын Шүүх байгууллага нь Их эзэн Чингис хаан Их засаг хуулийг тамгалан, түшмэл ноёдтойгоо шүүн хэлэлцэж ирсэн найман зууны тэртээгээс үүсэлтэй. Тиймдээ ч миний монгол хууль журмынхаа хүчээр эвлэлдэн нэгдэж, дэлхийн дайдыг эзэлж явсан агуу түүхтэй улс билээ.

Түүхийн хуудас эргэсэн Богд хааны засгийн үед Ариусган гэгээрүүлэх биеэ даасан шүүх байгуулагдсан юм. Төд удалгүй ардын хувьсгал гарч, Илүү ардчилсан шүүн хэлэлцүүлэх газар байгуулагдаж, 1921 оны 3 дугаар сард дотоод яаманд Шүүн таслах хэлтэс гэх мэтээр олон удаа нэр ус нь өөрчлөгдөн шинэчлэгдэх явцдаа гэр контортой, морин өртөөгөөр явж шүүн таслах үүргээ гүйцэтгэдэг байснаас нийгмийн хөгжлийн бүхий л үеийг туулан (1990-ээд оны ардчилсан хувьсгал) өнөөдрийн үсрэнгүй хөгжилд иржээ.

Одоо монгол улсын шүүх нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум буюу сум дундын шүүх, дүүргийн шүүхээс бүрдэнэ. Улсын дээд шүүх, мөн аймагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд, улсын хэмжээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ажилладаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын шүүхийн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сум дундын шүүхийн, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь аймгуудын Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шийдвэрийг хянадаг гэсэн бүтэцтэйгээр ажил хэргээ явуулдаг нь тэдний үйл ажиллагаа маш нарийн зохион байгуулалттай болохыг харуулж байна. Ийм их шат дамжлага, нарийн дарааллаар гаргасан хэн нэгнийг зөвтгөсөн эсвэл буруутгасан шийдвэр ХУДАЛ байх боломжгүй юм бишүү?Маш нарийн шалгуурт тэнцэж, тангараг өргөсөн шүүгчдийн хянан шийдвэрлэлт БУРУУ байх эрхгүй юм биш үү? гэх бодол өөрийх эрхгүй төрлөө.

Гэвч харамсалтай нь орой бүр мэдээллийн сувгуудаар Монголын Шүүх байгууллага \"Шалан дээр уналаа”, \"Байхгүй боллоо” гэх мэт таагүй хандлага гараад байгаа нь юутай холбоотой юм бол?Магадгүй ганцхан буруу үйлдлээс болж \"Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэгч болж байна уу?Юутай ч олон арван шударгаар ажиллаж байгаа шүүгчдийг, шүүх байгууллагыг бүгдийг харлуулах нь буруу юм. Хүмүүс ийм бухимдуу, ямар нэг зүйлийн бараан талыг хардаг болсонд өнөөх л нийгмийн сүлжээнд тавигдсан үнэн худал нь баталгаагүй, замбараагүй мэдээллүүд нөлөөлж, энэ нь шүүх байгууллагын нэр хүндийг унагаж байж болох юм.

Шүүх байхгүй бол яах бол гэсэн миний бодол энэ тооноос болж бүрэн өөрчлөгдсөн юм. Мэдээллийн эх сурвалжаас авснаар 2019 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн улмаас хохирогчдын 4407 нь эмэгтэй, 573 нь хүүхэд гэжээ. Энэ их тооны цаана дахиад бүртгэгдээгүй далдаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байгаа гэж бодоход л эмгэнэлтэй санагдаж байгаа биз. Энэ тоог бууруулахын тулд хууль хүчний байгууллага өдөр шөнө, цаг наргүй ажилладаг хэдий ч жил ирэх тусам хүний чанар муудаж, олон мянган сэтгэл өвтгөсөн гэмт хэрэг гарч, бие биенээ хайрлахгүй байгаадаа хүн бүр дотроо дүгнэлт хийх цаг болсон мэт.

Ийм л байдал нь шүүхийн оршин тогтнох үндэс нь болж байгаа юм. Яагаад гэвэл шүүх зарим хүний үнэн зөвийг олж харж, итгэлээ алдахгүй байхын гол найдвар нь болдог. Түүнчлэн ард иргэд хууль эрхийн мэдээлэл дутмаг, ёс суртахуунгүй, бусдыг хайрлах сэтгэлгүйгээсээ болж гэмт хэрэгтэн эсвэл хохирогч болдог.

Гэвч хэн ч эхээс төрөхдөө л зуун хувь муу хүн болж төрдөггүй шүү дээ. Тиймээс хүүхдүүд бид одооноос өөрсдийгөө зөв залж, бусдын зөв үйлийг даган дуурайж, саар үйлээс сургамж авч, өдөр бүр өөрөөсөө би шударга хүн мөн үү гэж асууж, ӨӨРИЙГӨӨ ШҮҮЖ суръя. Учир нь \"Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг бүх зүйл зөвхөн надаас, танаас шалтгаална.

Нэг хором тэвчье! Дураараа биш дүрмээрээ!

\"\"

 

Дэд байранд шалгарсан Дундговь аймгийн Хүмүүнлэг сургуулийн 12А ангийн сурагч Э.Цэрэнжаргалын эссэ:


Өвгөдийн сургаалийг өндөрт өргөн өнөөдрийг маргаашийн оршил болгон бурууд автан живэлгүй бусдад үнэн түгээхийг эрхэм болгож яваа ээрэм шаргал говийн борхон охин би Эрэлхэг төрийн шадар цэрэг Шүүх гэх сүрлэг байгууллагын тухай өөрийн үгээ бичиж байна. Битүүхэндээ би худлыг дурдахгүй юмсан гэж хичээж сууна.

Үнэндээ би \"Шүүх” гэх энэхүү байгууллагын талаар хомсхон мэдлэгтэй. Өнгөцхөн харахаас өөр илүүд нь нэвтэрч мэдээгүй, мэдэх боломж олдоогүй, магадгүй би мэдэхийг хүсээгүй байх. Би урьд нь хэзээ ч \"Шүүгч” болохгүй хэмээн боддог байлаа. Учир нь би шүүх гэх тодорхойлолтыг зөвхөн шүүгчээр тодотгодог байлаа. Тиймдээ ч би уг мэргэжлээс битүүхэндээ эмээдэг байсан юм. Цаг хугацаа урсан одохдоо хүмүүний үйлдсэн гэм буруу хийгээд үнэн зөвийн алийг нь ч ялгалгүйгээр хаман өнгөрдөг. Буцааж болохгүй цаг хугацаанд хохирогч, гэм буруутан эсвэл хэлмэгдэгч болсон олон арван зүрх бүхний ард байх илүү олон зүрх бүр \"Шүүх” гэх дөрвөн ханатай дөрвөлжин байшингийн хананд хүртэл хорсол гуниг, аврал хайр, өршөөл нигүүлсэл бүхнийг шивнэдэг байх. Энэ л дөрвөн ханатай, дөрвөлжин байшинг харах бүрт шарх нь сэдэрдэг олон олон сэтгэл бүхний харцыг харж зүрхлэхгүй гэх өөрийн айдсаасаа үүдэн би энэхүү мэргэжлээс эмээдэг байсан гэдгээ сая л нэг ойлгож байна.

Шүүхийн тухай анхны мэдээлэл маань тийм ч таатай байсангүй. Авлига хээл хахууль, гүтгэх гүжирдэх гэх таагүй үгсээр л тодорхойлж мэддэг байлаа. Одоогоос 4 жилийн өмнө би шүүхийн тухай ойлголттой болсон юм. Гэхдээ одоо ч чамлахааргүй ихийг мэдэж чадаагүй л явна. Арван гуравхан настай жаахан охин авто ослоор аавыгаа алдаж, ээжтэйгээ хамт эмнэлгийн үүд сахидаг, уйлахад хүртэл нулимс үл гардаг, хүндхэн үетэй улаан нүүр тулахдаа бусдын адилаар \"Шүүх” байгууллагатай анх холбогдож байлаа. Яагаад ч юм маш их айдастайгаар шүүх танхимын хохирогчийн сандалд сууж байхдаа би үнэн гэдэг зүйл энэ танхимд оршдог болов уу?гэх ахархан бодолдоо автан суудаг байлаа. Шийдвэрийг зарлах болж шүүгчийн алх дуугархад зүрх хүчтэй цохилон айдас намайг бүрхсэн мэт болж байсныг одоо ч санаж байна. Чухам яагаад айдаст автсанаа одоо ч сайн ойлгодоггүй юм. Магадгүй би тэр үед айдаст автаагүй, тэр том зүйлийн сүр хүчнээс бэргэж суусан байх. Яг тэр үеэс \"Шүүх” гэдэг \"Шударга үнэн”-ийг нээн илрүүлэгч асар том хүч юм байна гэдгийг л хамгийн ихээр ойлгосон юм. Одоо би шүүхийг үнэлдэг, бас хүндэлдэг.

Цайны шүүр яагаад жижиг жижигхэн ширхэгтэй нүхээр идээгээ шүүдэг вэ? гэж хүмүүс асуувал бүгд л цайнд өнгө нэмсэн тэр том том шаарнуудыг буцаан цайндаа оруулахгүйн тулд гэх хариултыг нэгэн дуугаар хэлэх нь гарцаагүй. Яг үүний адил \"Шүүх” хэмээх байгууллага бол энэ нийгэм дэх олон арван ашиглаад дууссан хэрэгцээгүй цайны шаар шиг хогийг шүүн цэвэрлэдэг байгууллага юм. Шүүрний дээр идээ шүүгдэн үлдэж ямар ч шааргүй тунгалаг цай сав руу ордогийн адилаар \"Нийгэм” гэх саванд үнэн урсан орж, харин худал шүүгдэн үлддэг юм.

Юм бүхэн хоёр талтай байдаг гэдэг үнэн байх. Зарим зүйлсэд би тун ихээр эмзэглэдэг. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн мэдээгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийг \"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль\"-ийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26–ны өдрийн саналыг тус тус үндэслэн Зарлиг болгож шүүгчийн бүрэн эрхээс түтгэлзүүлснийг хэвлэл мэдээллээр цацсан байдаг. Энэ мэдээ монгол орны ирээдүйн сайн сайханд нэмэр болохоор зэхэн өөрийгөө бэлтгэж буй энэ орны нэгээхэн эс ширхэг болсон миний хувьд тийм ч таатай мэдээ байсангүй. Нэг талаараа монгол улс шударга үнэнийг эрхэмлэж таагүй зүйлсийг таслан зогсоож буй нь бахархууштай хэдий ч ажил үүргээ ухамсарлаж чадаагүй шударга үнэний дуу хоолой болж чадаагүй 17 хүний цаана үнэнийг урьтал болгосон мянга мянган шүүгч, шүүхийн байгууллагын үнэлэмж, үнэлгээг бууруулсан үйл явдал болсон гэж би бодож байна. Хэвлэл мэдээлэл, ам дамжсан яриа ард түмэнд буруу ойлголт төрүүлдэг нь нүднээ илт. Нэгэнт буруу мэдээлэл, мэдэгдэхүүнтэй иргэн яаж төрдөө итгэх билээ. Ингэж явсаар ард түмэн хууль, шүүхийг хүндлэх, үнэлэх, үнэлэмжгүй болж буйд сэтгэл зовинох юм. \"Шүүх” гэдэг үгийг сонсмогц ард нь \"Шударга ёс” гэх үг даган цуурайтаж байх учиртай. Бид бүгд \"Тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг” шүү дээ. Шүүх гэдэг сүр хүчит нэртэй уг байгууллагын мөн чанарын тухай өрөөсгөл ойлголт бүрийг засахыг би битүүхэндээ хүсдэг. Шүүхийн тухай анхны ойлголт маань тйим ч таатай байгаагүй ч гэлээ би энэ байгууллагад дургүй байсангүй ээ. Би зүгээр л энэ байгууллагаас сүрддэг байсан юм. \"Үнэн” гэх суурин дээр \"Шударга” гэх баганаар тулж боссон болохоор дэндүү хүчирхэг санагддаг байлаа. Өнөөдөр би монгол улсын шүүхийг илүү ихээр таних нь чухал гэдгийг иргэн хүнийхээ хувьд илүү ихээр ойлгож байна.

Хэрвээ надад дэлхийн том Индэр дээрээс энэ байгууллагад хандан үг хэлэх боломж олговол

\"Худал үнэнийг хэлэлцсэнээр

Хоромхон зуур хэрэг бүтэх боловч

Хотол бүгд дор жишигдээд

Хойшхи хэрэг үл бүтмой” хэмээн \"Эрдэнийн сан Субашид”–аас эш татан хэлэхийг хүснэ.

\"\"


Гутгаар байранд шалгарсан Дундговь аймгийн Хүмүүнлэг сургуулийн 12А ангийн сурагч З.Анударийн эссэ:


Би өөрийн биеийг олж 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдөр сав шимийн ертөнцөд бурханаас илгээсэн бэлэг, буян заяаны үргэлжлэл, талын малчин айлын ганц охин болон өвөө эмээгийн хаяанд араг, савар, аргал гуравтай ижилдэн дассан хөдөөний хүүхэд.

Өсөх балчир насны одоогийн Дундговь аймгийн Хулд сумын нутаг болох Үл олдохын цэнхэр талын цэлмэг тэнгэр, цэвэр агаар, агь өвсний дунд аанай л дэндүү их жарган, ундарга сайтай Олдохын усан дээрээ үеийн олон найзуудтайгаа үймж шуугисан алтан үерүүгээ эргээд нэг очдогсон бол нэг л зүйлийг засмаар бас залмуурмаар санагдах юм. Бага насны гэнэн томоогүй авир, тоомжиргүй ахархан бодлоосоо болоод баруун бууцны Нарангэрэл найзыгаа эмээгийн өгсөн хорин дөрвийн чихрийг минь авчихлаа гэж орь дуу тавин уйлж байсан минь одоо ч миний бодлоос үл гарна. Чухам хорин дөрвийн чихэрний тансаг амтнаас болсон уу, найзын минь би аваагүй гэж гомдон мэгшиж уйлах дуунаас болсон уу бүү мэд. Гэхдээ одоо бодоод байхад би өөрөө л аргал түүх зуураа амттай чихрээ идчихсэн юм байна лээ. Хөөрхий Нарангэрэл найз минь надад хичнээн их гомдсон бол доо. Хожим би өөрийнхөө бурууг ухаарсан боловч найзаасаа уучлалт гуйж чадаагүй юм.

Энэ л мөчөөс хойш хэн ч байсан бай бурууг нь тогтоогоогүй, нотлоогүй цагт хэнийг ч шууд тулгаж, гүтгэн доромжилж болдоггүй юм байна гэсэн ухагдахууныг тархиндаа суулгасан бөгөөд өдгөө хүртэл эрх, үүрэг хоёрыг ижилдэн дасгаж, ирж яваа цагийг хууль журмаар төсөөлдөг болсон. Миний бодлоор ураг эхийн хэвлийд бүрэлдсэн тэр цагаас л хүний эрх эх, хүүхэдтэй салшгүй холбоотой болдог. Өөрөөр хэлбэл хүн үүссэн тэр цагаас л хүмүүс хоорондын зөрчил маргаан бий болж, хүний эрх тэнд хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Тэгвэл бидний дийлэнх нь ирж буцдаг эргэх холбоон дээр суурилсан буурал дэлхийдээ бусдын эрхшээлд автан, эндүү ташаа ойлгогдож, эрүүл мэндээ хохироож, эд хөрөнгөө алдан, эхээс төрсөн биеэ зовоогоод буцна гэдэг юутай гунигтайн дээр ямар их гомдол, цөхрөл, тайлагдаагүй оньс вэ? Чухам тэрхүү оньсыг хэн тайлж чадах бол? Магадгүй таны хувьд лам багш, аль эсвэл мэргэн бөө юу?

Миний бодлоор орчлон ертөнд дээр оршин тогтнож буй бүхий л амьд биес аливаа хууль, дүрэм журманд захирагдан, түүнийг даган мөрдөж эрх, үүрэг хоёроо эн тэнцүү ижилсүүлж байх ёстой мэт санагддаг. Ийм учраас эрх, үүрэг хоёрынхоо хүрээнд нийгмийн олон талт харилцаанд оролцохдоо хүн төрөлхтөн бидний үүсгэн бий болгосон асуудал зөрчилдөөнүүдийг хуулийн дагуу үнэн зөв дэнслэх байгууллага бол зөвхөн Шүүх юм.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т дурдсанаар \"Шүүх” гэж Монгол улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэлнэ хэмээн тусгасан байдаг.

Харин сургуулийн насны сурагч миний нүдээр шүүх бол хүнийг хүн гэдэг жинхэнэ утгаар нь ямар нэгэн алагчлал, ялгаварлалгүйгээр тухайн хүнд үүссэн зөрчил маргааныг зөвхөн хуулийн хүрээнд хянан шалган, хуульд заасны дагуу асуудлыг шйидвэрлэдэг шударга ёсны илч мэтээр төсөөлөгддөг. Хорвоо дэлхийд батлагдаагүй үнэн, баригдаагүй худал л бас буй. Гэхдээ хүний эрхийг зөрчиж хуульд харш хандлага, үзэл суртал, зан үйлийг гаргасан хэн ч бай хуулийн зүгээс зохих шийтгэлийг, бурхан ухаанаар буруу зөвийг шүүгч, эрхэм шүүгчдийн тогтоолоор дамжин хүртэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх гэсэн гурван тогтолцоотой Монгол улсын шүүх нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар:

4.1.1. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох,

4.1.2. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах,

4.1.3. Хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх,

4.1.4. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх гэсэн үндсэн зорилгуудтай ажилладаг шүүхийн байгууллагын ах, эгч нар маань ард олныхоо амар тайван аж төрөх нөхцөл байдлыг хуулиар хамгаалдаг ард түмний баатар юм.

Гэтэл бид биш би гэсэн үзэлтэй нийгмийн цөөнх хэсэг тус үзэлдээ хэт их автан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдол олон байдаг. Манай Дундговь аймагт анхан шатны журмаар хянан шийвэрлэсэн эрүүгийн хэрэг, ял шийтгүүлэгчдийн тоо 2017 онд 95 байсан бол 2018 онд 123 болж 1.5 хувиар өссөн байгаа бөгөөд ял шийтгүүлэгчдийн 80 гаруй хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа нь ард иргэдийн мэдлэг боловсрол, хуулийн тухай ойлголт муу, ажилгүйдэл хэдий чинээ их байгааг энэхүү тоо баримтаас харж байна. Иргэд бид өөрийнхөө болон өрөөл бусдын элэг бүтэн, энх амгалан, эрүүл саруул, эх орондоо амар тайван аж төрөх нөхцөл байдлыг бүрдүүлэхэд нийгмийн олон талт харилцаанд орохдоо ухамсартай байж бусдын эрхийг дээдэлдэг байх нь чухал. Өөрөөр хэлбэл шүүхийн байгууллагыг дэмжихэд зөвхөн аймаг, улс орноос бус хувь хүн бүр өөрөө оюун ухаант тархиа зөв залан, уурыг тэвчиж, ухамсарт зан үйл, мунхагийг гээж маргаангүй маргаашийн сайн сайхныг бүтээж болно гэдэгт би итгэдэг.

Алтан шаргал нар алаг үрс биднээ ялгалгүй илч гэрлээрээ төөнөдөгтэй адил, хуулийн тэнгэрт мандсан шүүх үгүй бол өнөөгийн нийгмийг шунал, хүсэл, атаа чөтөө, хууль бус хэрээс хэтэрсэн үйл хөдлөл, хэрэг маргаан ноёлох бөгөөд төсөөлөхөд ч бэрх байна. Ийм учраас хүмүүс бидний үндсэн эрхийн бэлэг тэмдэг, шударга ёсны илэрхийлэл шүүхийн байгууллагыг дэмжихэд хүн бүр ухамсартай, ухаалаг байж зөв зан зүйлийг үйлдэх нь чухал юм.

Манантай нийгмийн зухаас

Маргах юмгүй үнэнийг илэрхийлж

Машид тунгалагаар хянан шүүж

Мандах нар шиг нийгмийг гэрэлтүүлсэн Шүүхийн байгууллагыг хүн бүр дор бүрнээ дэмжиж, үүрэг оролцоогоо хамтдаа нэмэгдүүлэхийг уриалахын ялдамд нэгэн зүйлийг сануулмаар байна.

Та хэн ч бай танд хуулиар олгосон эдлэх эрх, үүрэг гэж бий!!!

Та түүнийгээ хамгаалдаг бас бусдын эрхийг хүндэлдэг буруу бүхнийг зогсоодог зөв Монгол хүн байж, шүүхийн үйл ажиллагааг дэмжин хуулийн дор ухамсартай амьдаръя хэмээн өсвөр үеийн хүүхэд залуусын төлөөлөл миний бие захиж байна.

 

 

 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР




. . .