“Түгжирдэггүй” машин
2020-01-01 14:24:01 | 173\"Түгжирдэггүй” гэж тодотгосны учир нь
Иргэн хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж Татварын нэхэмжлэх гаргуулан авна. Үүний дараагаар нэхэмжлэхийн дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэх зэрэг шүүмжлэл дагуулдаг байв.
Өмнө нь шүүх байгууллагаар үйлчлүүлэхэд дараах хоёр янзаар Улсын тэмдэгтийн хураамжийг төлдөг байв. Үүнд
1. Хандах гэж байгаа шүүхийн дүүргийн татварын хэлтэст хандаж төлбөрийн даалгавар үүсгэнэ. Үүсгэсэн төлбөрийн даалгаврын дугаарыг Улаанбаатар хотын банкинд үзүүлэн төлж баримтыг авна.
2. E-tax.mta.mn сайтаар орж төлбөрийн даалгавар үүсгэх хэсгийг сонгоно. Энэ хэсгийг сонгосны дараа регистрийн дугаар, татварын төрөл, алба зэргийг сонгох талбар гарч ирэх бөгөөд бөглөж дууссаны дараа хадгалах товчийг дарна. Хадгалсны дараа төлбөрийн даалгаврын дугаар гарч ирэх бөгөөд энэ дугаарын дагуу Улаанбаатар хотын банкинд үзүүлж, улсын тэмдэгтийн хураамжаа төлж баримтаа авна.
Харин татварын хэлтэст, дараа нь банкинд оочерлон байж сая бүтдэг улсын тэмдэгтийн хураамж төлөх ажлыг 40-хөн секундэд банкны картаа уншуулаад л авах боломжтой КИОСК машиныг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байршуулжээ. Ингэснээр иргэн энэ үйлчилгээг авахын тулд гурван шат дамждаг байсан бол одооноос Киоск машин ашиглаад нэг л үйлдлээр авах боломж бүрдсэн байна.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулагч Э.Золжаргал \"Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өдөрт дунджаар 60 гаруй нэхэмжлэл хүлээн авдаг. Нэхэмжлэл хүлээн авахдаа Улсын тэмдэгтийн төлбөр төлсөн баримтыг зайлшгүй шаарддаг. Улсын тэмдэгтийн хураамжийг өмнө нь иргэд харьяа дүүргийн татварын хэлтэс дээр очиж код аваад банкинд оочерлон тушаадаг байсан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Гэрэгэ компанитай хамтраад КИОСК машиныг байршуулснаар иргэд шууд шүүх дээр Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой болсон. Энэ нь иргэд болон өмгөөлөгч нарын цаг завыг хэмнэсэн маш сайшаалтай ажил болсон гэдгийг хэлдэг. КИОСК машин нь иргэд болон нэхэмжлэлд хавсаргаж өгөх хоёр хувь, улсын тэмдэгтийн баримт хэвлэнэ. Үүний дараа шимтгэлийн үнийн дүнгээс хамааран НӨАТ-ын баримт хэвлэж өгдөг” гэдгийг хэлж байна.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Маналсүрэн \"Өнөөдөр би энд гэрлэлт цуцлуулах ажлаар ирсэн. Гэрлэлтээ цуглуулахын тулд хоёр хувь нэхэмжлэл авчирдаг юм байна. Нэхэмжлэл өгөхийн тулд зайлшгүй улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөг төлсөн байх ёстой гэнэ. Үүнийг банк оролгүй энэ машинаар төлчихөж болж байна. Гэхдээ бэлэн мөнгөөр биш зөвхөн карт уншуулах ёстой юм байна. Чадаж, ядах юмгүй их амархан юм. Заавар нь ч ойлгомжтой. Эхлээд жаахан мунгинатал энэ охин /тус шүүхийн зохион байгуулагч/ хажуугаас туслаад заагаад өглөө. Заавал татварын хэлтэс оролгүй, банкинд оочерлохгүй ингээд шууд тэмдэгтийн хураамжаа төлөөд баримтаа шүүхийн ажилтанд өгчихөж байгаа нь цаг зав хэмнэсэн сайхан ажил болжээ” гэлээ.
Мөн хуульч, өмгөөлөгч нар энэхүү машинаар дамжуулан шүүхийн үйлчилгээг түргэн, шуурхай үйлчилгээ авах болсонд сайшаалтай хандаж буйгаа илэрхийлж байлаа.
КИОСК машиныг байрлуулсан өнгөрсөн сар гаруйн хугацаанд эхэндээ иргэд мэдээлэл аваагүйгээс машиныг ашиглаж мэдэхгүй, чадахгүй байх тохиолдол гардаг байсан ч өнөөдрийн байдлаар /2019.12.30/ тус машинаар өдөрт 20-30 хүн үйлчлүүлж улсын тэмдэгтийн хураамжийг хялбараар төлж цаг заваа хэмнэх болжээ.
КИОСК машинаас шүүхийн үйлчилгээг авахад:
Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл – 70, 200 төгрөг
Эвлэрүүлэн зуучлал – 30,000 төгрөг
Шүүхийн шийдвэр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол болон захиргааны бусад акт хуулбарлах - 500 төгрөг
Хэргийн оролцогч, баримттай танилцах - 5000 төгрөг
Тендертэй холбоотой тодорхойлолт /аж ахуйн нэгж, байгууллага/ - 10000 төгрөг
Иргэн /хувь хүн харьяатаас гарах болон компанийн хувьцаа эзэмшигчид тендерт оролцоход/ - 10000 төгрөг
Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх - 10000 төгрөг
Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан эсэх – 10000 төгрөг
Иргэн, захиргааны хэрэг, баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах – 5000 төгрөг
Материал хувилж олшруулах – 2000 төгрөгийн үнэтэй юм байна.
КИОСК машинаас авах шүүхийн тэмдэгтийн хураамжийн үйлчилгээний заавар:
Алхам 1: Шүүхийн тэмдэгтийн хураамжийн үйлчилгээг сонгоно.
Алхам 2: Иргэний үнэмлэхний QR код болон гараар бичиж мэдээллээ оруулна
Алхам 3: Шүүхийн байгууллага болон утасны дугаараа оруулна
Алхам 4: Төлбөрийн мэдээлэлтэй танилцаж баталгаажуулах товчийг дарна
Алхам 5: Картаа дэлгцэ дээрх зааврын дагуу ПОС машинд уншуулж, нууц дугаараа оруулна
Алхам 6: Баримтаа уншиж дууссаны дараа бүрэн эсэхийг шалган авч бүртгэлийн байцаагчид тушаана.
Бүх төрлийн банкны картаар Киоск машинаас үйлчилгээ авах боломжтой юм байна. Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсан архивт энэ цахим төлбөрийн системийг эхний ээлжид нэвтрүүлжээ. Харин ирэх оноос нийслэл дэх шүүхүүдэд байршуулахаар төлөвлөж байгаа аж.
Тэмдэгтийн хураамж төлөхөөр банкинд оочерлодог цаг ард хоцорчээ. Зав чөлөөгүй амьдрал, зам түгжрэлтэй их хотын иргэдийн алтан цагийг хэмнэсэн шүүхийн энэхүү \"түгжрэлгүй” үйлчилгээнд иргэд \"онц” үнэлгээ өгч байна.
Г.Сүрэн