ӨӨДӨӨС ИРСЭН МАШИН РУУ ЧУЛУУ ШИДСЭНЭЭР ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭВ
2023-01-17 15:04:41 | 170
Шийтгэх тогтоолын дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн
2022/ШЦТ/165 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй
бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч “С” нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өнч” гэх газарт буюу Дундговь-Өмнөговь аймгийг холбосон улсын чанартай хатуу хучилттай замаар мотоциклийн ард сундалж явахдаа өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй байна гэх шалтгаанаар зөрж өнгөрч буй тээврийн хэрэгслүүд рүү чулуу шидсэний улмаас 14-95 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж 630.000 төгрөгийн хохирол, тухайн тээврийн хэрэгслийн жолооч “Н”-ын эрүүл мэндэд “дух ясны хугарал” бүхий хүнд гэмтэл /хохирол/ учруулсан гэх хэргүүдэд холбогджээ.
Дээрх хэргүүд үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор, уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан 10.450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
“Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт шүүх шийдвэрээ гаргав.
Тойм бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр