Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Дундговь аймаг дахь шүүхэд ажиллалаа
2017-03-09 14:34:13 | 168Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажиллалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан \"Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны зорилт”-ыг танилцуулахын зэрэгцээ шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч, тэдгээрийн санал, хүсэлтийг цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах тухай мэдэгдэв.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Дундговь аймаг дахь шүүхээс хэрэгжүүлж буй шинэ ажил, санаачлагыг сайшаахын сацуу тус аймгийн шүүх 2016 онд шүүхийн захиргааны ажилтнуудын нөөц бололцоондоо тулгуурлан \"Шүүхийн цахим архивын мэдээллийн сан”-тай болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, төлөвлөгөөний дагуух ажлыг өөрсдийн хичээл, зүтгэлээр урьдчилан бий болгосныг онцоллоо.
Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай нэг бүрчлэн танилцаж, тэдгээрт цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажлын амжилт хүслээ.
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар